Цэс

Холбоо барих

“УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг дэмжих нь: АНУ-ын хороодын тогтолцоо” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж байна


УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд “УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг дэмжих нь: АНУ-ын хороодын тогтолцоо” сэдэвт цуврал сургалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Сургалтыг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ашлэй Элизабет Вэйлэн, сургагч багш Брэд Смит, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн улс төрийн хөгжлийн хөтөлбөрийн захирал Жессика Киган тэргүүтэй мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа бөгөөд өнөөдөр (2017.06.14) УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс болон Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад сургалт явууллаа.


Энэ өдрийн сургалтаар хуулийн төслийн талаарх танилцуулга, судалгаа, хуулийн төсөл бичих, түүний үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг шалгах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн төслийн хэлэлцүүлэг, тов тогтоох болон хуулийн төслийн хууль зүйн болон техникийн чанартай агуулгын шаардлагууд, төслийн боловсруулалтад тавигдах хяналтын механизмын талаар танилцуулав. Үргэлжлүүлэн “АНУ-ын Байнгын хорооны бүтцийн талаарх ерөнхий тойм”, “Ажлын хэсэг, Байнгын хороо, Дэд хорооны үйл ажиллагааны харьцуулалт” сэдвээр сургалт явагдсан.

“УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг дэмжих нь: АНУ-ын хороодын тогтолцоо” сэдэвт цуврал сургалтын хүрээнд мягмар гарагт (2017.06.13) АНУ-ын Конгрессын туршлагыг жишээ болгон “Боловсон хүчин бүрдүүлэх бодлого ба Тамгын газар, Байнгын хорооны үйл ажиллагааг боловсронгуй болгох”, Тамгын газрын үйл ажиллагааны давхардал, зөрчлийг арилгах, үйл явцыг сайжруулах аргачлалын талаарх сургалтыг УИХ-ын Тамгын газрын хэлтсүүдийн дарга нарыг оролцуулан зохион байгуулсан юм. Түүнчлэн АНУ-ын хороодын үйл ажиллагаа, хууль боловсруулах, батлах үйл явцын талаар танилцуулага мэдээлэл хийсэн.


Зургаадугаар сарын 16-нд болох ээлжит сургалтад УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, туслах ажилтнууд, бие төлөөлөгчид оролцох бөгөөд АНУ-ын Конгрессын үйл ажиллагаа, хууль боловсруулах явцын талаарх мэдээлэлтэй танилцахаас гадна хууль, тогтоомжийг тогтоох ба хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо, ажил үүргийн хуваарийн талаар лекц сонсох юм. Мөн сонгогчидтой харилцах, тэдэнтэй хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаарх сайн туршлагыг судалж, иргэд сонгогчдын санаа бодлыг парламентын гишүүндээ үр дүнтэйгээр танилцуулах аргад суралцана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл