Цэс

Холбоо барих

Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор илтгэл тавив

“Ковид-19 цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг оролцоо” ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдаж буй Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган (АНДОПЧ)-ы 29 дүгээр уулзалт өнөөдөр (2021.12.14) хоёр дахь өдрөө үргэлжилж, 20 гаруй орны парламентын гишүүд оролцлоо.

 

Өнөөдрийн салбар хуралдаан “Худалдаа, эдийн засгийн асуудлууд” сэдвийн дор өрнөж, 19 орны парламентын төлөөлөлөгчид илтгэл тавьсан юм. Монгол Улсын парламентыг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор төлөөлж, илтгэл тавив. Тэрбээр, цар тахлын улмаас үүссэн хямрал нь ялангуяа хөгжиж байгаа орнуудад эрүүл мэнд, ажил эрхлэлт, боловсрол, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн харилцаа, итгэлцэл гээд нийгмийн амьдралын бүхий л салбарт нөлөөлж, Монгол Улсын хувьд ч багагүй хүндрэл, бэрхшээл тулгараад байгаа талаар илтгэлийнхээ эхэнд тэмдэглэв.

 

Тэрбээр хэлсэн үгэндээ, Ковид-19 цар тахлын дараа тогтвортой сэргэлтийг бий болгохын тулд улс орнууд хүчээ нэгтгэн дижитал эдийн засгийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Эдийн засаг, худалдааны тогтвортой, хүртээмжтэй сэргэлтийг бий болгохын тулд мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангаж, парламентууд хамтрах хэрэгтэй гэдгийг онцлов. Мөн бүс нутгийн хэмжээнд хөгжиж байгаа орнуудыг дэмжих, цар тахлын дараах эдийн засаг, худалдааны шинэ дэглэм, журмыг хууль эрх зүйн найдвартай орчин бүрдүүлж бий болгохын төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг уриалав.

Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган маргааш салбар 3 дугаар хуралдаанаар үргэлжилж, тогтоолууд болон хамтарсан мэдэгдлийг баталснаар өндөрлөх юм Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл