Цэс

Холбоо барих

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот



Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Батцогт

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Уг хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Засгийн газраас Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг олон нийтийг хамарсан нээлттэй хэлэлцүүлэг хийсний дараа Улсын Их Хуралд өргөн барих гэж байгаа учир энэхүү Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ойрын үед өргөн баригдах дээрх хуулийн төслүүдтэй хамтад нь хэлэлцүүлэхээр хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн болно.

Харин Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед тусгайлсан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах боломжтой юм гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                       Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл