Төрийн байгуулалтын байнгын хороо гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

  2017-02-07 16:32  880


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.02.07/ хуралдаан 14 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүнээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийснийг чуулганы энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгаж, хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоог хангах үүднээс редакцийн шинжтэй зарим засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.


Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарын асуултад ажлын хэсэг болон Байнгын хорооны дарга хариулт өгсөн юм. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаархи Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Энэ хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад чиглэж байгаа аж. Зөвлөлдөх санал асуулгыг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулах юм байна. Уг хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар хэрэгжихээр зохицуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны гишүүд үзэв.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн. Чуулганы энэ сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор уг хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Мөн Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд цолны болзол хангасан харваачдад цолыг нөхөн олгох үүднээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.


Байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаархи танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар хууль санаачлагчид, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд, Байнгын хороодоос саналыг нь урьдчилж авахад Ерөнхийлөгчөөс 5, Байнгын хороод, нам, эвслийн бүлгүүдээс 94, нийт 99 хууль тогтоомжийн төслийг санал болгосон.

Тогтоолын төслийг боловсруулахдаа юуны өмнө хэлэлцэхийг нь хуулиар тусгайлан заасан төслүүд, мөн өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн төслүүд, түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчим баримталсан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар нийт 34 хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэхээр төсөлд нэр зааж тусгасан гэдгийг танилцуулсан юм.


Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

  2. Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан

  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  4. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  5. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл

  6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

  7. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  8. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  10. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл

  11. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  12. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  13. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

  15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

  16. Казиногийн тухай хуулийн төсөл

  17. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  19. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  20. Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл

  21. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл

  22. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

  23. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  24. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  25. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл

  26. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл

  27. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл

  28. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  29. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

  30. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл

  31. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

  32. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл

  33. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  34. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл

  35. Бусад.

хэмээсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-02-07 16:32  880