Цэс

Холбоо барих

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх зүйн орчныг тодорхой болгож, төрийн бодлогоор дэмжинэ


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий таван гишүүн санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэв. 

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Оюундарь, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Д.Ганболд, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, О.Батнасан, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн хувьд 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн бодлого, дэмжлэг дутагдаж байгааг онцлоод энэ салбарынхны бараа, бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтад нь төрийн бодлогоор дэмжих, мөн гарааны бизнесээ эхлүүлж байгаа өрхийн үйлдвэрлэлд барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгож ядуурлаас гаргахад анхаарах, Төрийн банкаар дамжуулан зээлийг бага хүүтэй, урт хугацаанд олгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. 


Хууль санаачлагч гишүүн Ж.Ганбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд банкнаас зээл авах нөхцөл шалгуур, дарамтыг багасгах үүднээс 500 сая хүртлэх төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас, 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авахаар тусгасан гэдгийг онцлов. Мөн хуулийн үйлчлэх хүрээнд нийтийн хоолны салбар хамрагдсаныг дурдаад жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөөс дээш орлоготой буюу сүлжээ ресторан, хоолны газрууд хамаарагдахгүй гэв.  Түүнчлэн төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, согтууруулах ундаа импортлох зэрэг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй  гэж байлаа. 

Харин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах жилийн 2,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа улирал тутамд бус жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болгох,  эрх зүйн орчныг нь тодорхой болгох зэргээр төрийн бодлогоор дэмжиж байгаа хэмээн хариулж байв.


Гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. 


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас 2005 онд батлан 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн өнөөдрийг хүртлэх хугацаанд 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүсчээ. Иймд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсвийн байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Энэ талаархи  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Төслийн үзэл баримтлал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Н.Оюундарь, Л.Мөнхбаатар нар Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс  тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудыг олон нийтэд ил тод болгож, үйл ажиллагааг нь хязгаарлах, ногоон худалдан авалт болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд хуульд тусгах, үнэлгээний шатнаас эхлээд тендер шалгаруулах ажиллагааг шударга, ил тод болгох шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн тендерийн талаар гомдол гаргахад барьцаа төлбөр тавихаар хуульд тусгасан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгааг дурьдаад, энэ талаар илүүтэй тодруулж байлаа.  Ажлын хэсгийн зүгээс, сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтыг санаатайгаар удаашруулах, өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гомдол, маргаан гаргах байдал нэмэгдсэн. Тухайлбал, 2017 онд 5900 орчим тендер зарласны 813 тендерт гомдол, санал ирсэн. Улс орны бүтээн байгуулалттай холбоотой төсөл арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх үүднээс тендерт оролцогч нь гомдол гаргахдаа 20 сая хүртлэх төгрөгийн төлбөрийг барьцаа болгож Төрийн санд байршуулж, хариуцлагажуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж хариулж байв.

Ингээд чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлаж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойших хуралдаанаар  үргэлжлүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл