Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Ш.В.Кара-Оол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа өнөөдөр (2022.07.10) ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга, ноён Шолбан Валерьевич Кара-Оол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч даргын хүндтэй албан тушаалд томилогдсонд ноён Ш.В.Кара-Оолд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай̆ өргөжин хөгжиж байна. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд ноён С.В.Лавров Монгол Улсад айлчлал хийж, хоёр тал харилцааны олон чухал асуудлуудыг хөндөн ярилцсан. Манай хоёр улсын хууль тогтоох байгууллага нь эрт дээр үеэс хамтран ажиллаж ирсэн арвин их түүхтэй. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссыг шинээр байгуулахаар хоёр тал ажиллаж байгааг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцлон тэмдэглэлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга, ноён Ш.В.Кара-Оол хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал хэсэг болохыг дурдаад ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины мэндчилгээг уламжлав.

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд, зам тээвэр, дэд бүтцийн салбар, хилийн боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд бүх салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентууд санаачилгатай ажиллах хэрэгтэй гэдгийг талууд санал нэгтэй илэрхийллээ.

Уулзалтад ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Төрийн Думын Аюулгүй байдал ба авлигатай тэмцэх хорооны гишүүн Б.С.Хамзаев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл