УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүд мөнгө угаахтай холбоотой асуудлаар ОУВС-гийн төлөөлөгчтэй уулзлаа

  2018-04-19 18:07  220

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Н.Учрал, Л.Болд, Н.Оюундарь нар өнөөдөр (2018.04.19) Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж буйтай холбогдуулан санал солилцох хүсэлт гаргасан Олон улсын валютын сангийн Сингапур дахь Хуулийн хэлтсийн хуулийн зөвлөх Клайв Скоттой уулзлаа.


Уулзалтаар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагаас өгч буй зөвлөмжийг  хуулийн төсөлд хэрхэн тусгаж байгаа талаар болон зөвлөмжийг биелүүлэхгүй байх нь Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилт зогсох, удаашрах асуудал үүсэх эрсдэлтэй талаар ярилцав.

Түүнчлэн, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу хуулийг боловсруулж гаргаснаар цаашид энэхүү санхүүгийн байгууллагатай нээлттэй ажиллах боломж үргэлжилж,   санхүүгийн төрөл бүрийн хориг арга хэмжээнд орохгүй байх нөхцөл бүрдэх талаар санал солилцсон.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Хуулийн төслийг зөвлөмжид нийцүүлснээс гадна үндэсний эрх ашигтай холбогдуулан боловсруулсан. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, арав гаруй зарчимын зөрүүтэй санал хэлэлцэнэ. Эцсийн хэлэлцүүлэг дээр үргэлжлүүлээд та бүхний өгч буй саналыг тусгаж ажиллана” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-04-19 17:37  220