Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 09 дэх дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 09 дэх дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ. Дээрх хуульд Нийтийн сонсгол зохион байгуулах журмын тухай бүлэг нэмсэн байна. Мөн тус дугаарт Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ. Хуульд Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах ажилтны эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажил олгогч түүнд томилолтын хугацаагаар чөлөө олгох, дипломат төлөөлөгчийн газарт ажиллах томилолтын хугацаа дуусч эх орондоо бүрмөсөн буцаж ирэхэд энэ хуулийн 23.1-д заасан ажил олгогч тухайн ажилтны эхнэр буюу нөхрийг ажлын байраар хангах үүрэгтэй хэмээн заасан байна. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж буй ажилтны хүүхэд төлбөртэй сургуульд сурдаг бол уг сургалтын тодорхой хувийг олгохоор тусгажээ.

Хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Зөвлөлдөх санал асуулгын тухай болоод дагалдан гарсан хуулиудыг мөн нийтэлжээ. Нийтийн эрх зүйн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг энэ хуульд заасан асуудлаар зохион байгуулж төрийн үйл хэрэгт зөвлөлдөх арга хэлбэрээр иргэдийн оролцоог хангахад энэхүү хуулийн зорилго оршиж байгаа юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг нийтсэн байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “сумын мэргэн” гэсний дараа “, хоёрдугаар байр эзэлсэн харваачид аймаг, сумын гарамгай харваач, гуравдугаар байр эзэлсэн харваачид аймаг, сумын гоц харваач” гэж нэмсэн юм. Дээрх хуульд зааснаар Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид улсын гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид улсын гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын  даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгоно.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.

Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид “Хөгжлийн банк” гэх)-ны үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг энэхүү хуулиар тогтоож зохицуулах юм.

Хууль тогтоомжийн эмхэтгэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай зарлигуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл