Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 17 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ.

Хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр худалдан авах ажиллагааны практикт гарч байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд дараах өөрчлөлтийг тусган баталжээ.

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусд нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцохыг хориглоно гэж заасан. Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар батлах юм байна.

Улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтын гэрээ батлах хугацаанаас хамаарч төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаа сунжирч, үргүй зардал гардаг. Иймд энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилсан худалдан авах ажиллагааг зохион байгуулж болохоор хуульд тусгалаа. Төсөв, олон улсын гэрээ батлахаас өмнөх шатанд тухайн төсөл, хөтөлбөрийн тендерийн баримт бичгийг боловсруулах, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжтой болж буй аж.

Цахим худалдан авах ажиллагааг иж бүрнээр нь зохион байгуулахад шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгажээ. Тухайлбал, цахим худалдан авах ажиллагаа, цахим дэлгүүрийн ойлголтыг тодруулан тусгасны зэрэгцээ цахим дэлгүүрээс худалдан авах барааг түүнээс өөр хэлбэрээр худалдан авахыг хориглолоо. Ингэснээр худалдан авах ажиллагааны ашиг сонирхлоос ангид байх, өрсөлдөөнт, ил тод байдал нэмэгдүүлэх, гомдол маргаан гаргахгүй байхад ахиц дэвшил гарах болно гэж үзсэн байна.

Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанараар бус эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй байдлыг харгалзах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэхээр заасан нь ногоон худалдан авах ажиллагааг дэмжихэд бодитой дэмжлэг болох ажээ.

Тендерт оролцогчдыг хариуцлагатай болгох, хар жагсаалтын үйлчлэлийг сэргээх, худалдан авах ажиллагааг шилэн болгох чиглэлээр хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусган баталсан байна.

Тендерт оролцогчид гомдол гаргах ажиллагааг тендерийн баталгаагаар дамжуулан хариуцлагажуулах боломжтой болсон ба тендерт оролцогч үндэслэлтэй гомдол гаргасан бол баталгааг буцаан олгох, харин үндэслэлгүй гомдол гаргасан бол тендерийн баталгааг улсын орлого болгох бөгөөд энэхүү хэмжээ нь 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар хуульчилжээ.

Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн этгээдийн эрхийг хязгаарлах хар жагсаалтыг үйлдэх, түүнчлэн тендерт оролцогчдод тендерийн баримт бичиг тэдэнд нээлттэй байх асуудлыг журамлан зохицуулсан байна.

Түүнчлэн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Албан тушаалд томилох тухай        Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна.

Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай, Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл