Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-10-10 10:10 Уншсан: 260


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.09.10) хуралдаан 10 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тогтсон юм.

Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөгч захирагч болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Шинэ Засгийн газар бүрдэж, 2017 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвөө эргэн харж байж Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурийг манай бүлэг барьж байгаа. Энэ оны төсвийн тодотголд хөрөнгийн зардлыг ихээр нэмэгдүүлсэн байна” гээд бүлэг энэ асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Намын бүлгийн хүсэлттэй холбогдуулан Байнгын хорооны дарга Н.Энхболд “Ирэх оны төсвийн тухайд шинэ Засгийн газар бүрдсэний дараа ярилцаж болох юм. Харин энэ оны төсвийн тодотголын тухайд өвөл хаяанд ирсэн, шийдлээ хүлээсэн олон асуудал тулгамдаж байгаа ийм үед асуудлыг хойш тавьж, цаг алдалгүйгээр хэлэлцээд явах шаардлагатай байна.


Манай Байнгын хороо асуудлыг эцэслэн шийдэхгүй, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх үүрэгтэй. Иймээс Төсвийн байнгын хороогоор төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед завсарлагын асуудлаа тавих нь зүйтэй юм” гээд бүлэг байр сууриа эргэн харахыг хүссэн юм.


Харин Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээс шинэ Засгийн газар бүрдтэл завсарлага авах хүсэлтээ дахин илэрхийлсэн тул Байнгын хорооны дарга Ардчилсан намын бүлэгт маргаашийг хүртэл завсарлага өгч буйг мэдэгдсэнээр тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   


Үүсгэсэн: 2017-10-10 10:10

Хуралдааны тов