Байгаль орчны салбарын багц хуулийн төслүүд өргөн барилаа

  2019-09-26 12:14  199


Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслүүд, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


1. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар Монгол орны усны салбарын салбар дундын зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулагдах эрх зүйн орчин бүрдэх юм.


Ингэснээр Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежементийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн усан хангамжийн асуудлыг нэгдсэн удирдлагаар ханган шийдвэрлэх боломж бүрдэнэ.


2. Өргөн барьсан багц хуулийн төслүүд батлагдсанаар байгаль орчны салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын уялдаа холбоо сайжирч, хоорондын зөрчил, давхардал, хийдэл арилж, эрх зүйн орчин сайжирна.


3. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, бүс нутгийн ойн салбарт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар төсөл хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх боломж нээгдэнэ.


Тус байгууллага 2012 оноос хойш гишүүн орнууддаа 300.0 мянгаас 2.5 сая ам.долларын төсөвтэй 30 гаруй төслийг санхүүжүүлсэн байна.


4. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хятад хэл дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны жагсаалтад орох аж. Ингэснээр БНХАУ-аас дэлхийн аялал жуулчлалын болон бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ нэмэгдэх бөгөөд Монгол Улс хөрш орны хувьд эдгээр төсөл хөтөлбөрүүдээс үр ашиг хүртэх боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.




 


  2019-09-26 09:00  199