Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-06-30 17:06 Уншсан: 58

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.30) хуралдаан 14 цаг 32 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 
Байнгын хорооны хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон холбогдох албаны хүмүүс оролцсон.


Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле салбарын сайдын багцын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд 30 төсөвт байгууллага, гурван тусгай сан, найман төсөл, дөрвөн төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нийт 45 байгууллага хамрагдсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2016 онд төсвийн нийт орлого 126,0 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үүнээс; улсын төсвөөс санхүүжих 109.3, үйл ажиллагааны орлогоос санхүүжих 78,8, гадаадын тусламжийн эх үүсвэрээс санхүүжих 13.9, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжих (-76,0) тэрбум төгрөгийн орлого тус тус батлагдсан байна. 2016 онд салбарын төсвийн нийт гүйцэтгэл 142,2 тэрбум төгрөг байна. Үүнээс; урсгал зардалд 113.5, хөрөнгийн зардалд 23.0, зээлийн төлбөрт 5.7 тэрбум төгрөг тус тус зарцуулсан. Салбарын хэмжээнд хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас санхүүжилтын зардалд 49,3 тэрбум төгрөг батлагдсанаас 48,7 тэрбум төгрөгийг зарцуулсан. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2016 оныд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд улсын төсвөөс 7,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, барилга байгууламжийн арга хэмжээний гүйцэтгэлд 1.0 тэрбум, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 282 дугаар тогтоолоор векселээр санхүүжилт хийгдсэн төсөл арга хэмжээний төлбөрт 6.6 тэрбум төгрөгийг Сангийн яаманд төвлөрүүлсэн гэдгийг дэд сайд танилцуулгадаа онцоллоо.

Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл  танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, салбарын сайдын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд эрхлэх асуудлын хүрээний харьяа 87 байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан нэгтгэгдсэн бөгөөд Үндэсний аудитын газрын хийсэн аудитын дүнгээр зөрчилгүй гэсэн дүгнэлт авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны тодотгосон төсөв 54 тэрбум 114.0 сая төгрөгөөр батлагдсанаас 49 тэрбум 77.4 сая төгрөг буюу 90.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт төсвийн гүйцэтгэлийн 45 тэрбум 288 сая төгрөгийг урсгал зардал, гурван тэрбум 789.2 сая төгрөгийг хөрөнгийн зардал тус тус эзэлж байна гэдгийг дурдлаа.


Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  дэмжих нь зүйтэй гэж үзэв. Иймд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-06-30 17:06

Хуралдааны тов