НББСШУ-ы байнгын хороо хоёр асуудал хэлэлцэв

  2017-05-30 15:34  484


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 09 цаг 20 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Хуралдаанаар эхлээд 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг,  нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцуулга хийсэн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг мөн тусгажээ. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2018 онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх; санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 100 орчим бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 7.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан талаар Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Ц.Цогзолмаа, А.Ундараа, Н.Учрал, Г.Мөнхцэцэг, М.Билэгт нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулсан эсэх, тус хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилтуудыг биелүүлэх эдийн засгийн боломжийн талаар болон ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах чиглэлээр 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын тодруулсан юм.

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам: Ажилгүйдлийг бууруулахаар Засгийн газрын зүгээс болон салбарын яамнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, гадаадаас ажиллах хүч авч буйг 50 хувиар бууруулах Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийснээр гаднын ажиллах хүчин ажиллах байсан ажлын байруудад монгол иргэд ажиллах боломж бүрдэж байна.  Мөн Япон Улс руу иргэдийг дадлагажигч ажилтнаар илгээх гэрээ хэлцэлийг ирэх сарын сүүлээр дуусгахаар Гадаад харилцааны яам ажиллаж байгаа аж. Эдгээр хүмүүсийг эргээд эх орондоо ирэхэд нь мэдсэн, сурсан мэдлэгээ ашиглах бололцоог хангах, төр засгаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдэг дээр салбарын яам анхаарч байгаа гэв. 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй, харин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх бөгөөд 2019 оноос төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын түвшинд ярилцан холбогдох судалгааны ажлуудыг гүйцэтгэж байгаа гэв.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2016 оны IV улирлын танилцуулгад өрхийн сарын дундаж орлого 914.900 төгрөг гэж гарчээ. Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны судалгааны дүнгээр нийт өрхийн 59 хувь нь 500.000-1.600.000 төгрөгийн сарын орлоготой, 32 хувь нь 500.000 төгрөгөөс бага орлоготой гэж мэдээлсэн байна. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга замыг цалин, тэтгэврийн нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх хэмээн салбарын яам тодорхойлсон гэлээ.


    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам: 2008 оноос хойших хугацаанд боловсролын салбарт олон тооны бүтээн байгуулалт явагдсан боловч өнөөдрийн байдлаар дутуу гүйцэтгэлтэй барилгууд олон, ихэнхийг нь царцаасан байдалтай байгаа аж. Боловсрол, соёл, спортын салбарт харъяалагдах нийт барилгуудын ажлыг гүйцээхэд 5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцооллыг гаргажээ. 2017 онд төсвийн хөрөнгөөр шинэ барилга байгууламж барихгүй хэмээн шийдвэрлэсэн бөгөөд энэ оны төсөвт 48 барилгыг гүйцээн, ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтыг тусгасан байна. Эдгээрээс одоогийн байдлаар 8 сургууль, 7 цэцэрлэг,  3 дотуур байр, соёлын салбарын 2 объект ашиглалтад ороод байгаа гэлээ. Шинээр барьж байгуулах объектоос гадна одоо ашиглаж буй сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилгуудын засварын зардал өндөр байдгийг салбарын сайд дуулгав. Тухайлбал, сум бүрт байгаа төрийн өмчийн 10 орчим барилгын 7-8 нь боловсрол, соёл, спортын барилгууд байдаг. Аймгийн төв дэх нэг сургуулийн зөвхөн дээврийг засварлахад 200-300 сая төгрөгийн зардал гардаг. Гэвч 2017 оны төсөвт барилгуудын засвар, үйлчилгээний зардлыг нэлээд танасан болохыг мөн хэллээ. Боловсрол, соёл, спортын салбар дахь шинэ бүтээн байгуулалтуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хүлээлгүйгээр санхүүжилт бүрдүүлэх хөрөнгийн бусад эх үүсвэрийг татах тал дээр салбарын яам анхаарч, тодорхой үр дүн гарч байгаа гэдгийг Ж.Батсуурь сайд танилцуулсан. Мөн тус яамнаас улсын хэмжээнд судалгаа явуулж, шинээр байгуулах шаардлагатай сургууль, цэцэрлэгийн байршлуудыг тогтоон, уг мэдээллээ Засгийн газар, Сангийн яаманд хүргүүлжээ. 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх чиглэлээр салбарын яам бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд 2016 онд 76.9 хувьтай байгаа уг үзүүлэлтийг 2018 онд 82 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэв.

Соёлын салбарт улсын төсвөөс тодорхой хуваарилалт хийгдсэн бөгөөд 2017 оны хувьд тодорхой ажлууд хийгдэж байгаа гэв. Тухайлбал, сум бүрт номын сангийн фондыг баяжуулахад 1 сая төгрөг, төвийн номын сан тус бүрт 3 сая төгрөг төсөвлөсөн байна. Өвөрхангай аймгийн хоёр музей, Өмнөговь аймгийн музейг завсарлаж байгаа бол 40 музейд тоног төхөөрөмж авах хөрөнгийг төсөвт тусгасан гэлээ.

    Эрүүл мэндийн яам: Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгааг хэллээ. Иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг тодорхой шат дараалалтай хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2017 оны төсвөөсөө 40-65 насны иргэдийг багцын шинжилгээнд хамруулах ажлын бэлтгэл ханган ажиллаж байна. Өрхийн орлогын зардлын багагүй хувийг эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ, эмийн зардал эзэлж байгаад дүгнэлт хийн, салбарын яамнаас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тус яамны мэргэжилтэн мэдээлэл өглөө. Түүнчлэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хөрөнгө зарцуулан хамрагдаснаар ирээдүйд гарах өндөр зардал хэмнэх учир нийт нас баралтад өндөр хувь эзэлдэг дотрын өвчлөл, тэр дундаа ходоодны хавдрын эх үүсвэр болдог хелико бактерийн үзлэгт хамруулах, хавдрын шинжилгээнд хамруулах шаардлага бий. Үүн дээр тодорхой зохицуулалт хийн, 2017 оноос эхлэн даатгуулагч 50-65 мянган төгрөгийн гурван төрлийн багцаас сонгож оношлогоо хийлгэх боломжийг бүрдүүлжээ. Уг ажлыг санхүүжилтэд энэ онд 10 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан, 2018 онд өргөжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

Улсын төсвийн хөрөнгөөр шинээр эмнэлэг барих боломжгүй байгаа хэдий ч Азийн хөгжлийн банкны тусламжаар нэн шаардлагатай байгаа сум, аймаг, дүүргүүдэд эмнэлэг барихаар төлөвлөсөн. Шинээр эмнэлэг барихаар орон тооны нэмэгдэх шаардлага үүснэ, харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт үүнтэй холбоотой тодорхой заалт байгааг А.Цогцэцэг сайд хэлсэн. 

Бүх төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэд эх орондоо авах боломжийг бүрдүүлэх чиглэлд салбарын яам онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрбээр онцолсон. Монгол Улсад оношлох боломжгүй 39 төрлийн өвчний 7-г оношлох, эмчлэх боломжийг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, хэд хэдэн арга хэмжээ авсан талаараа мэдээлэл хийв. Тухайлбал, гадаадын өндөр мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтрсан баг энэ төрлийн мэс заслыг амжилттай хийсэн. Донорын тухай хууль батлах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд 2020 он гэхэд зүрх, уушги шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн гэлээ. Цаашдаа Монгол Улсад нойр булчирхай шилжүүлэн суулгах боломж ч бий гэдгийг А.Цогцэцэг хэлсэн. Мөн эмч, мэргэжилтнүүдийг багаар нь сургалтад хамруулахад анхаарч, ажлуудыг зохион байгуулж байгаа гэв.

    Сангийн яам: 2017, 2018 оны төсөвт баригдаж дуусаагүй байгаа барилгуудыг гүйцээх чиглэлд анхаарч байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа танилцууллаа. Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтаас гадна бусад эх үүсвэрээс орж ирэх хөрөнгийг боловсрол, соёл, спортын салбарын барилга байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулах боломжийн талаар судалж байгаа гэв. Төсвийн орлого давсан тохиолдолд концесс болон хөрөнгө оруулалтын бусад өрийг төлөх талаар ОУВС-тай тохиролцсон, иймд ирэх 2018, 2019 онд төсвийн орлого давж биелсэн тохиолдолд шинэ хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж, нийгмийн салбарт хэрэгжүүлэх төслүүд дээр хөрөнгө хуваарилах бололцоотой болно хэмээн Сангийн яам үзжээ. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ийнхүү хэлэлцэж буй төсөлтэй холбоотойгоор асуусан асуултдаа хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нарын долоон гишүүн 2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тус төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт" сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл танилцуулав. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг анх удаа байгуулан ажиллаж байгааг тэрбээр онцоллоо. Түүнчлэн бүх яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд дэд зөвлөл байгуулан ажиллуулж байгаа аж. Мөн аймаг, дүүргүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг байгуулжээ. Дээрх зөвлөл энэ онд нэлээд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний оролцоо, хөгжлийн дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажил хийгдэж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, холбогдох дүрэм журмыг боловсруулж буй талаар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хийгдэж буй ажлуудыг талаар Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр дэлгэрэнгүй танилцуулсан юм.


Танилцуулгай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Боловсролын тухай болон бага, дунд боловсролын хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолыг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2017-05-30 15:34  484