Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.04.12) хуралдаан 14 цаг 21 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцлээ.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 04 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлав
Хуралдааны эхэнд “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Төсөлд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд энэ сард Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхээр тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар баталлаа.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
Дараа нь Улсын Их Хурлын С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.14-т “уул уурхайн ордыг ашиглалтад оруулж, өндөр технологийн хүнд үйлдвэрийн нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, метан хийн үйлдвэрлэл, технологийн паркийг барьж байгуулах”, 8.1.9-т “хөгжлийн ирээдүйтэй суурин газарт бүс нутгийн онцлог, нүүдлийн мал аж ахуйд тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн 33 паркийг бүсчлэн байгуулах” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 8.3.12-т “малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөнө”, 9.5.4-т “дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэж заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1.6-д “Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна”, 3.2.7.2-т “Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна”, 6.1.11-д “дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэж заасан.
Улсын Их Хурлаас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2009 онд баталсан. Хууль хэрэгжиж эхлээд 13 жил өнгөрсөн боловч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна.
Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээнд “Засгийн газар паркийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор үнэт цаас гаргах, хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах зэрэг хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хууль хэрэгжихгүй байх шалтгаан болж байна. Парк хөгжих гол үндэс нь дэд бүтцийн бүтээн байгуулалт бөгөөд дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхгүйгээр дараагийн хөгжлийн асуудлыг хөндөх боломжгүй юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа парк одоогоор байхгүй байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаатай холбоотой юм. Иймд хэрэгжилт хангалтгүй учир хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай" гэж дүгнэжээ.
Хууль батлагдсанаас хойших хугацаанд Засгийн газраас 11 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловч өнөөгийн байдлаар 7 паркийн үйл ажиллагаа нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна. Энэ нь хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой орчин бүрдээгүй, паркийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэж чадаагүй, паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгохоор хуульчилсан нь хөрөнгө оруулагчид урт хугацаанд хөрөнгө оруулах боломжийг хязгаарлах, болгоомжлол төрүүлэх, хөрөнгө оруулалтыг удаашруулах шалтгаан болсонтой холбоотой. Дээрх шаардлагуудын үүднээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон гэж хуулийн төсөл санаачлагч С.Бямбацогт танилцуулгадаа онцлов.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Энхтүвшин, О.Цогтгэрэл, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс 2009 онд баталсан хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан, үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах бодлого, чиглэлийг яаж зохицуулах, газрын асуудлыг хэрхэн шийдэх, үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр, удирдлага болон хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг асуудлыг хөндөв.
Хуулийн төслөөр үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго болон төрлийг тогтоох, паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулна. Паркийн талаар баримтлах төрийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ. Стратегийн ач холбогдол бүхий үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн өмчит парк болон бусад парк гэсэн төрөлтэй байхаар төсөлд тусгажээ. Паркийн үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох бөгөөд 15 жилийн хугацаатай байхаар тооцсон гэдгийг төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа дурдлаа.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар дэмжлээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа
Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг үндэслэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.