Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын дэд заалтыг хүчингүй болголоо

  2017-05-04 18:58  852

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.04) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 26 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.


Ээлжит сонгуулийн үр дүнд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн зэрэг улс төрийн шалтгаанаас үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж, залгамж чанаргүй, хариуцлагагүй байдал үргэлжилсээр ирсэн. Түүнчлэн төрийн хариуцлагатай удирдах албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлоор томилогдож, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгаа зэрэг сөрөг үр дагаврыг арилгах үүднээс Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт 6 зүйлтэй бөгөөд холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулах төслийг хамтад нь боловсруулсан гэдгээ Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулав.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн зуун хувийн саналаар төслийг хэлэлцэхээр тогтсон юм.


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, М.Билэгт, Х.Баделхан, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нар төсөл санаачлагч болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж өмнөх Улсын Их Хуралд өргөн барьсан боловч хэлэлцэгдээгүй. Одоо хэлэлцэх гэж байгаа хоёр хуулийн төсөлд агуулга, үзэл баримтлал, зарчмын хувьд адил төстэй зүйл бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд төрийн албаны мэдээллийн сан, төрийн удирдах албан тушаалтныг шинээр томилох, төрийн албан тушаалыг орлон гүйцэтгэх, мөн хуулийн нэр томьёотой холбоотой зарчмын шинэ зохицуулалтууд тусгагдсан байгаа. Иймээс дараагийн хэлэлцүүлгийн явцад хуулийн хоёр төслийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой гэдгийг хэллээ.

Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Энхболд нар үг хэлж, хоёр хуулийн төсөл нь агуулгаараа ижил төстэй, үзэл баримтлалын хувьд зөрчилдөх зүйлгүй байгаа тул төслүүдийг нэгтгэн хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 50 нь буюу 78.1 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар төслийн үзэл баримтлалыг нь хэлэлцэхийг дэмжсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хэлэлцүүлгийн дараагийн шатанд нэгтгэн боловсруулж, нэгдсэн Ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтов.

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхэр тогтжээ.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Д.Эрдэнэбат нар Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа хоёр жил байхаар, Авто замын засвар, арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажилуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, Авто замын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг “Авто замын сан”-гаас санхүүжүүлэх санал гаргасныг дэмжжээ. Мөн Авто замын техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг тухайн авто зам, замын байгууламжийн төсөвт өртөгт тусгах, Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын явцад зайлшгүй хийх нэмэлт ажлыг магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлэх, Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулах, зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг  магадлал хийсэн этгээд хариуцах зэрэг саналуудыг төсөлд тусгахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Монгол Улсын нутаг дэвсгэрийн үндсэн нэгж болох аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон байна, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Шинээр барьсан авто замын ашиглалтын баталгаат хугацаа 5 жил байна.” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй аж.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Сарангэрэл, О.Батнасан, Б.Энх-Амгалан, Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нар Байнгын хороо болон Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн Ж.Бат-Эрдэнэ гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс 12 мянган км авто замтай, үүний 5300 км нь хатуу хучилттай, үлдсэн хэсэг нь сайжруулсан шороон зам. Авто замын ашиглалтын хугацаанд норм, нормативыг тогтоож, хэдэн жилийн дараа засвар арчилгаа хийх, хэдэн жилийн дараа их засвар оруулахыг зохицуулдаг. Шинэчилсэн найруулгын төсөлд авто замын чанарын батлагааг хоёр жил болгож, улмаар хариуцлагын асуудлыг илүү нарийн, дэлгэрэнгүй тусгаж өгсөн гэдгийг хэллээ. Мөн авто замын эвдрэл гэмтэл нь зураг төслийн чанар, гүйцэтгэгч болон хяналт тавьдаг байгууллагууд, түүнчлэн сүүлийн үед хүнд даацын их оврын тээврийн хэрэгслүүд нэмэгдсэн нь нөлөөлж байгаа гэдгийг нэмж тодотгов.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар төслийн 25.1.1-д импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувийг Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан байна, энэ талаар Засгийн газар, Сангийн яамнаас санал авсан уу гэдгийг тодруулахад Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Төслийн энэ заалтыг  Засгийн газар болон Сангийн яам дэмжээгүй. Гэхдээ Ажлын хэсгийн хуралдаан дээр ярилцаж байгаад энэ заалтыг оруулж ирсэн. Учир нь өнөөдөр авто замын засвар, арчлалтад жилдээ 55 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл ердөө 10 тэрбум төгрөгийг л хуваарилсан байгаа нь авто замын засвар, арчлалтад хүрэлцэхгүй байгаа тул ингэж шийдсэн” гэсэн хариулт өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төслийн энэ заалт нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөхцөлтэй зөрчилдөхөд хүрэх учраас саналыг дэмжихгүй байхыг гишүүдээс хүссэн юм. 


Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 60 гаруй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь авто замыг төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн хуулийн төсөлд “Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын чиг үүрэг” гэсэн 15 дэд заалт бүхий 11 дүгээр зүйлийг нэмэхийг дэмжив. Түүнчлэн төслийн 16, 17 дугаар зүйлийг нэгтгэн “Авто зам, замын байгууламжийн эзэмшигч”  гэсэн 16 дугаар зүйл болгож өөрчлөн найруулж, Олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна, Олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын авто зам, түүний зурвас эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүнээс эрх олгосон этгээд байна гэж зохицуулахаар тогтов.

Төслийн 28.4 дэх хэсгийг “Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа болон гүйцэтгэгч техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр хоёр жил байна” гэж, 23.4 дэх хэсгийг “Авто замын арчлалт, урсгал засварын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно” гэж тус тус өөрчлөн найруулах, төсөлд “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж дээр орон нутгийн байгууллагаас төлбөр хураах нэгж байгуулан ажиллуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 30.4 дэх хэсгийг нэмэхээр тогтлоо. Мөн төслийн 35.4, 35.5 дахь заалтыг нэгтгэн “Авто замын тухай хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг зөрчсөн, авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулна” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Харин төслийн 25 дугаар зүйлд “импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь” гэсэн агуулгатай 25.1.1 дэх заалт нэмэхтэй холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажлын хэсэгт энэ саналаа татаж авахыг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Х.Баделхан нар энэ нь хуулийн төслийн гол амин сүнс болох заалт учраас дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэв. Харин Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ Сангийн яамны зүгээс энэ заалт нь ОУВС-тай тохирох хөтөлбөрийн нөхцөлтэй зөрчилдөх учраас татаж авах нь зүйтэй гээд байгаа. Уг нь авто замын арчлалтад чухал ач холбогдолтой заалт. Жилдээ автомашины онцгой албан татвараас төвлөрдөг 88 тэрбум төгрөгөөс 16 тэрбумыг нь Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан, дэмжих эсэхээ гишүүд өөрсдөө шийдэх нь зүйтэй гэсэн юм. Ингээд энэ саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Байнгын хорооны хуралдаан дээр дэмжигдээгүй саналынхаа үндэслэлийг тайлбарлаад өөрийн санал болгосон "5 жил байна" гэсэн хугацааг “3 жил” гэж өөрчлөн санал хураалгах хүсэлт гаргасан юм. Хуралдаан даргалагч түүний саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив. Ингэснээр авто замын чанарын баталгаат хугацаа 3 жил байхаар болж байгаа юм.

Ингээд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.   

Тогтоолын дэд заалтыг хүчингүй болголоо

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Мөн энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоол батлагдсан юм. Уг тогтоолоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 13 заалт бүхий тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.


Харин Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “11/ гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн дэд заалт нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа учраас Сангийн сайд тогтоолын энэ заалтыг хүчингүй болгох хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Иймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо “Монгол Улсын  Их Хурлын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын төсөл боловсруулан өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр  тогтоолын 1 дэх заалтын 11 дэх заалтыг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат албан тоотыг дэгийн хууль зөрчин оруулж ирсэн нь буруу, тогтоолын энэ заалтыг хөндөхгүйгээр асуудлыг шийдэх боломж бий, энэ бол ихээхэн ач холбогдолтой заалт гээд энэ асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн юм. Харин Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар улс орны эдийн засаг амаргүй байгаа ийм үед цаг алдах эрх бидэнд алга, нөгөө талаар энэ хүндрэлтэй байдлаас хурдан гарч эдийн засгаа хурдан сэргээхэд ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр маш чухал болоод байна, иймээс аль аль талдаа ойлголцоод явах хэрэгтэй байна гэдгийг хэллээ.


Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгснөөр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан.

Чуулганы нэгдсэн хуралдаан 19 цагаас үргэлжилж, эхлээд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлаар танай манай гэх асуудал байхгүй. Гол нь гаднаас хараат бус байх бодлого барьж ажиллах ёстой, гадагш нь түүхий эдээ үнэгүй өгөөд оронд нь зээл аваад байж таарахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Ё.Баатарбилэг, А.Сүхбат, Т.Аюурсайхан, Д.Ганболд нар тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Я.Санжмятав нар саналаа хэлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 36 нь буюу 65.5 хувь нь дэмжлээ. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-05-04 18:58  852