"Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолын төслийг баталлаа

  2022-06-17 19:00  281


    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы /2022.06.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр  үргэлжлэн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 40 саналаар санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг  “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр аймаг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ” гэж өөрчлөх, төслийн 6 дугаар зүйлд “Улсын баяр наадмыг 7 дугаар сарын 11-ний өдөр нээнэ.” гэсэн 6.2 дахь хэсэг нэмж, дугаарлалтыг өөрчлөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

    Мөн төслийн 9 дүгээр зүйлийн 9.3.5, 9.3.6, 9.3.7, 9.3.8 дахь заалтыг “ес давсан бөхөд улсын арслан;”,  “улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх арав даван түрүүлбэл улсын аварга;”, “ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэвэл улсын аварга;”, “ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав даван түрүүлбэл даян аварга;”, “аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд даян аварга;”, “даян аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд дархан аварга;”, “аварга цолтой бөх арав даван түрүүлбэл дархан аварга.” гэж өөрчлөх, мөн зүйлд “Улсын баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхийн эрэмбийг бөхийн холбооны дүрмээр зохицуулна.” гэсэн 9.8 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

    Түүнчлэн Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах насыг 16 байхаар, унаач хүүхдийн насыг “долоо, түүнээс дээш” гэснийг “найм, түүнээс дээш” гэж өөрчлөх, Үндэсний хурдан морины бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран хариуцан гүйцэтгэх, Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулах зэрэг Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.




    Мөн төслийн 10 дугаар зүйлд "Үндэсний их баяр наадмаар жороо морины  уралдааныг зохион байгуулж болно.” гэсэн 10.19 дэх хэсэг, төслийн 15 дугаар зүйлд “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай допингийн шинжилгээ хийлгэх арга хэмжээг зохион байгуулах;” гэсэн 15.1.7 дахь заалт нэмж, төслийн 14 дүгээр зүйлийн 14.5.6 дахь заалтыг “Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр хориглосон бодис, арга хэрэглэсэн нь илэрсэн бөх, харваач “В” дээжид шинжилгээ хийлгэх бол уг шинжилгээний төлбөрийг төлөх;” гэж өөрчлөн найруулахаар болов.

    Харин төслийн 21 дүгээр зүйлд  “2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглоно.” гэсэн 21.3 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

    Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

   УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. 

    Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 1 санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцлов. 



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2022 оны 07  дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “2022 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс өмнө” гэснийг “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөхөөр болсон. 

Ингээд хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

"Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” 

тогтоолын төслийг баталлаа

   Хуралдаан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн танилцууллаа. 


    Тэрбээр танилцуулгадаа, “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хороо “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн тул тогтоолын төсөл батлагдлаа. 





Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.  

   Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлсэн тул өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг явууллаа. 

    Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 



Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

    Хуралдаан Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир  танилцууллаа. 

   Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2022  оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар  зүйлийн 42.2.1-т заасныг баримтлан нэг санал хураалт явуулсан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасныг баримтлан нэг санал хураалт явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаан оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн гэдгийг онцолж байлаа. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд төслийн 15.1.2 дахь заалтыг “улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг батлах;”, “хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдах, гүйцэтгэх болон туслах албан тушаал, улсын өмгөөлөгчийн туслахын албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох.” гэж өөрчлөн найруулж, 15.1.2, 15.1.3 дахь заалт болгож,  “Энэ хуулийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс" гэснийг “10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөхөөр боллоо. 

    Ингээд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэв

    Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно” гэж  заасныг баримтлан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр албан бичиг илгээж, Жаргалсайханы Хунанг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилуулахаар УИХ-д санал болгосон байна.


    Нэр дэвшигч Ж.Хунан 1979 онд Дорноговь аймагт төрсөн, 43 настай настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1987-1997 онд Орос-Монголын хамтарсан III сургууль төгсөж, 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны бакалавр, 2003-2006 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр, 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн, 2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч, 2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч, 2013-2016 онд "Партнерс Форевер" ХХК-ийн хуульч, 2016-2017 онд "Нээлттэй нийгэм" форумын "Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь" төслийн зөвлөх, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллаж байгаа аж.

     Энэ талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.



    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Жаргалсайханы Хунанг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулахаар санал болгосныг Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг тодотгоод Ж.Хунанг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад нэр дэвшүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

   УИХ-ын Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороо яаралтай хэлэлцэх асуудлаар хуралдах болсон тул үүгээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан түр завсарлаж, 17 цагт хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2022-06-17 17:36  281