Цэс

Холбоо барих

НББСШУБХ: 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар тогтов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.06.26/ 14 цаг 31 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, 11 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг Байнгын хороонд оролцсон УИХ-ын гишүүдийн олонхи дэмжив. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх УИХ-ын гишүүн байгаагүй тул уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


 

Дараа нь Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдээс асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгээр нь баталлаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн өдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдээс асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгээр нь батлав. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх УИХ-ын гишүүн байгаагүй ба Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүрээр санал хурааж, бүгд дэмжигдсэн болно. Үүнд, хуулийн төслийн 3.1.1 дэх заалтын “төрийн үйлчилгээний албан хаагчийг” гэснийг “этгээдийг” гэж өөрчлөх. Хуулийн төслийн 3.1.4 дэх заалтын “хөгжил,” гэсний дараа “хүмүүжил,” гэж нэмэх. Мөн хуулийн төслийн 6.1 дэх хэсгийн “ёс зүй,” гэсний дараа “эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх,” гэж нэмэх. Хуулийн төслийн 21.1 дэх хэсгийн “Төрийн албаны тухай хуульд” гэсний дараа “болон Хөдөлмөрийн тухай хуульд” гэж нэмэх. Хуулийн төслийн 18.1 дэх хэсгийн “чиг үүргийг” гэснийг “эрх, үүрэг” гэж өөрчлөх хэмээн тус тус заасан байна. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийв. Тэрээр, Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 7.3 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн зарлага 9,017.3 тэрбум төгрөгт хүрч, 95 хувийн биелэлттэй байна гээд нэгдсэн төсвийн орлого, зарлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Дараа нь Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албаны дарга Ц.Батбаяр танилцуулав.

Тайлан болон дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтож, УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулахаар болов.

Мөн өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжигдэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулахаар тогтов.

Дараа нь Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай мэдээлэл сонсов.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар салбарынхаа 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай мэдээлэл хийв.


Мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Н.Номтойбаяр нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэл, Худалдан авах ажиллагааны газар зэрэг төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлтийг Байнгын хороогоор хэлэлцүүлэх горимын санал гаргав. УИХ-ын гишүүдийн гаргасан горимын санал хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдсэн юм.

Ийнхүү Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийг шалгаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар тогтлоо. Ажлын хэсгийн ахлагчаар Д.Ганболд, гишүүдээр Д.Саранчимэг, Н.Учрал, С.Эрдэнэ, А.Ундраа нар томилогдов. Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг уншиж танилцуулсны дараа дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад 81,8 хувийн саналаар дэмжигдэв.


Үргэлжлүүлэн Байнгын хорооны 2018.05.22-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр хүргэгдсэн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн зарцуулалтыг шалгасан ажлын хэсгийн тайлангийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл сонсов.

Мэдээллийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл хийлээ. Сайд нарын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, А.Ундраа, М.Оюунчимэг нар асуулт асууж, тодруулга авав.

Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийн төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан бол УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийн төслийг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, О.Баасанхүү нар асуулт асууж, тодруулга авсны дараа хоёр үндэсний зөвлөлийн дүрмийн төслүүдийг тус тусад нь батлахыг дэмжье гэсэн санал хураахад хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авснаар өнөөдрийн Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл