“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 48 дугаарын тойм

  2020-12-28 10:49  86


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэлсэн. 

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд коронавирус “КОВИД-19”-ын халдварт цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, уг хуулийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр зохицуулсан байна.  

    Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд  “Ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.”, мөн  "18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.”  гэсэн зохицуулалтыг тусгажээ.

    Мөн эмхэтгэлийн энэ дугаарт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай”, “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг тус тус нийтэлсэн. Тухайлбал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолд өвчлөлийн цар хүрээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгарах хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлээр  

-Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулах, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх саналаа Улсын Их Хуралд танилцуулах;

-иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сан байгуулж удирдлагаар хангахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгох;

-коронавируст халдвар /КОВИД-19/-ын эмчилгээ, оношилгооны төвийг бүсчилсэн хэлбэрээр аймаг орон нутагт байгуулж, оношлуурын багаж, тоног төхөөрөмжөөр /PCR/ хангах;

-орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хийж, Засаг дарга нарыг томилох асуудлыг шуурхайлах;

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж, санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах; 

-коронавируст халдвар /КОВИД-19/-ын вакциныг эхний ээлжид худалдан авах чиглэлээр олон улсын холбогдох байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулах;

-иргэд, олон нийтэд хувийн ариун цэврийг сахиж, хариуцлагатай байх, бусдын эрхийг хүндэтгэх талаарх мэдээлэл, сурталчилгааг идэвхжүүлэх;

-Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх тухай саналаа Улсын Их Хурал /Түр хороо/-д танилцуулж, шийдвэрлүүлэх, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. 

  Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас баталсан Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журмын зорилго нь Улсын болон аймаг, нийслэлийн онцгой комисс болон холбогдох төрийн байгууллага гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, хуваарилах, олгох, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд эмхэтгэлийн  энэ дугаараас дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


                                        



  2020-12-28 12:54  86