ТББХ: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийв

  2022-06-17 20:16  342

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2022.06.17) хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товлоод байсан боловч Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат уг асуудлаар завсарлага авах хүсэлтийг хоёр дахь удаагаа гаргасныг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль тогтоомжийг үндэслэн 13.00 цаг хүртэл завсарлага өгөөд байсан юм.


Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үдээс хойш 16 цаг 29 минутад үргэлжилж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг О.Цогтгэрэл нарын есөн гишүүн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хийв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, түүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурал хугацаанаасаа өмнө дуусгавар болох, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн болон нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх зэрэг асуудлыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн найруулж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Ийнхүү шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг, 33 дугаар зүйлд Бүлгийн эрх, үүрэг, 34 дүгээр зүйлд Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас 11 гишүүн сонгогдож, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга танилцуулсан. Ийнхүү Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуульд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, бүлгийн гишүүд, Ардчилсан намаас Улсын Их Хурлын даргад удаа дараа албан бичиг хүргүүлж, түүнчлэн хоорондоо санал нэгдэхгүй, бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд нэлээд хугацаанд ажиллалаа. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурал цөөнхийн бүлгийн эрх, үүрэг тодорхой болж, бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудал хуульд заасны дагуу тодорхой болж, бүлгийн тогтвортой ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хуулийн төсөл нь Үндсэн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хууль батлагдсаны дараа хэрэгжүүлэхэд холбоотой улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй болно гэв.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа хэлж, байр сууриа илэрхийлэв.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэж байгааг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Ц.Туваан, Б.Бейсен нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үзэл баримтлалын хүрээнд хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдлох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэг дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслүүд болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг тараасан. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Энэхүү чиглэлийн дагуу төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг өөрчлөн найруулсан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг, түүнчлэн мөн зүйлийн 10.2 дахь хэсгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалтад шаардлагатай гаэж үзэн төслийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг болон төсөлд 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалт нэмэхээр санал хураалгаж шийдвэрлүүлэв гэв.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 2 санал хураалгасан бол, мөн хуулийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаад оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2022-06-17 19:48  342