Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

  2017-05-30 18:58  691

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 17 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Уг хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын даргад өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлсэн юм.


Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Тэрээр, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “хос тэжээлт автомашин”, “шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин”, “цахилгаан тэжээлт автомашин”-д хөдөлгүүрийн багтаамж,  үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татвар ногдуулах эрх  зүйн орчин бүрдсэн.

Онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх автомашинуудад хуулийн дагуу 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлттэй байгаа хос тэжээлт буюу “Приус” автомашины хэрэглэгч, борлуулагчийн нуруун дээр эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох, мөн түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслүүдийг боловсрууллаа гэв.


Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, санал хэлэхийн сацуу уг хуулийн төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Хуулиудын төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн талаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-05-30 18:58  691