Цэс

Холбоо барих

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2013 оны 13 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Дээд офицерын цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгдэв.
Мөн дугаарт нийтлэгдсэн “Амгалан дулааны станц” барих тухай Засгийн газрын тогтоолоор, Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг 2013-2014 онд өвлийн их ачааллаас өмнө хангах зорилгоор “Амгалан дулааны станц”-ыг “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгээр дулааны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамт барих гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан 2013 оны 12 дугаар сарын 1-ний дотор эхний ээлжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна.
Үндэсний стандартыг 2013-2014 онд нэн тэргүүнд шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын төлөвлөгөөг 2013 оны 4 дүгээр сард багтаан Стандартчиллын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэхэд нь шаардагдах хөрөнгийг төсвийн багцаасаа болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгажээ. Үүнээс гадна их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын төлөвлөгөөнд стандартчлал, техникийн зохицуулалтын талаар мэдлэг олгох хичээлийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн оруулах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.

Эмхэтгэлд, Босго үнэ шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ”-ийг энэ тогтоолын хавсралтаар баталсан байна.

Бодлогын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр ямар төслийг санхүүжүүлэхээр тогтсон тухай мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоос мэдэх боломжтой.Тогтоолд заагдсан бүтээн байгуулалтын томоохон төсөл нэг бүрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн нэгжийг байгуулан ажиллуулахын зэрэгцээ төслийн нэгж байгуулж, бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллахыг тогтоожээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “МИАТ” ТӨХК-д Үндэсний агаарын тээвэрлэгч статус олгох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Тогтоолоор Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн удирдлага, менежментийг сайжруулах бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах талаар холбогдох арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргад даалгасан байна.

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн редакци

2013 оны 4 дүгээр сарын 5

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл