Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 23 дугаарын тойм

    

    Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан хуулийг олон улсын гэрээний хамт нийтэллээ. Хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлтийг оруулж батлуулснаар 170.0 сая ам.долларыг хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг ашиглах боломж бүрдсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжилтийг дэмжих,  нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах ажлуудыг хийхээр тусгажээ.

    Мөн энэ дугаарт Шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай болон гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг үнэлж нэр бүхий иргэдэд Дипломат цол  хүртээсэн талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэллээ. 

    Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 05 дугаар дүгнэлтийг нийтлэв. Уг дүгнэлтэд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дурджээ  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл