Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан хувь хүний хөгжлийг дэмжих ээлжит сургалтаа “Амьдрах стратеги ба бүтээмж” сэдвийн хүрээнд өнөөдөр /2021.05.07/ цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд зэрэг нийт 100 гаруй оролцогч хамрагдсан энэхүү сургалтын сургагч багшаар Стратеги судлаач, Төрийн удирдлагын докторант Д.Цэцэнбилэг ажиллав.
Тэрбээр “Амьдрах стратеги ба бүтээмж” сэдэвт сургалтаар ажилтнуудад стратеги, хүний нөөц, хүний хөгжил гэсэн үндсэн гурван чиглэлээр мэдээлэл өглөө.
“Амьдрах стратеги” гэх ойлголтыг олон улсад 10 гаруй жилийн өмнөөс судалж эхэлжээ. Энэ нь хувь хүн өөрийн амьдралын алсын харааг тодорхойлж, түүндээ хүрэх арга замыг олох, хэрэгжүүлэх тухай ойлголт юм. Ихэнх хүн өөрийн амьдралын алсын хараа, зорилгыг нарийн тодорхойлоогүйгээс эрсдэл хүлээх, бүтээмжгүй болох, сэтгэл ханамжгүй амьдардаг байна. Мөн ажилтан бүр байгууллагынхаа алсын харааг бүрэн ойлгож, аль хэсэгт нь өөрийн хувь нэмрийг оруулахаа мэддэг байхаас тухайн байгууллагын хэр үр ашигтай, бүтээмжтэй ажиллах нь шалтгаалдаг. Иймээс байгууллагын алсын хараа, эрхэм зорилгод өөрийн хүсэл зоригийг нэгтгэж уялдуулах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх давуу талтай болохыг Д.Цэцэнбилэг судлаач онцоллоо.
Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ тус хүрээлэнгээс Тамгын газрын ажилтнуудад зориулсан мэргэжлийн хөгжлийг дэмжих болон хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр цуврал сургалтуудыг зохион байгуулж байгааг тэмдэглээд энэ удаагийн хувьд хүнийг хөгжлийг дэмжих сургалтад хамтран ажилласан Стратеги судлаач Д.Цэцэнбилэгт талархлаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс хувь хүний хөгжлийг дэмжих дараагийн сургалтаа эрүүл мэндийн чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.