“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 47 дугаарын тойм

  2020-12-24 12:16  71


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн   2021 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулиудыг нийтэллээ. Тухайлбал, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 8,737,771.7 сая төгрөг, төсвийн зарлагын хэмжээ 10,676,615.3 сая төгрөг байхаар баталжээ. Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1,390,921.0 сая төгрөгөөр санхүүжүүлж, “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 266,268.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр тусгасан байна. Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 156,016.9 сая төгрөг, Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1,180,143.1 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулахаар тооцож баталсан байна. 

    Нийгмийн даатгалын сангийн  2021 оны төсвийн тухай хуульд төсвийн жилд тус санд 2,398,687.8 төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, сангийн зарцуулах зарлагын нийт хэмжээг 2,594,280.5 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд төсвийн жилд төвлөрүүлэх орлого 951,266.5 төгрөг, сангийн зарцуулах нийт зарлага 1,210,703.3 төгрөг байхаар тус тус тусган баталсан байна. 

    Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн сэргэх хүртэл нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан нийгмийн даатгалын шимтгэлээс ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулж нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ийг хүртэл өдрийг хүртэлх хугацаанд 17 хувьд хүргэхээр тооцов. Ингэхдээ шимтгэл “хөнгөлөх” арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгж, даатгуулагчийн төлөх шимтгэлийг ажил олгогч 8.5, даатгуулагч 8.5 хувь байхаар тусгасан байна. 

  Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байхаар, албан татварын хэмжээг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоохоор тусгажээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байхаар тусгаж, албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлөхөөр зохицуулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар орон нутгийн төсвийн бие даасан байдал нэмэгдээд зогсохгүй бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй эмхэтгэлээс танилцах боломжтой. 

    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт "Ерөнхийлөгчийн хоригийн тухай" Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн. Уг тогтоолд Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон уг хуулийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв 






  2020-12-28 12:16  71