Цэс

Холбоо барих

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.09 цагт эхэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.5, 82.2.7-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулсан.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зөвхөн яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй байхад тухайн ажиллагааны оролцогч тал болох хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж, орхигдуулан хуульчилсан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилж байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлттэй нийцүүлж, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь гомдол гаргах эрхтэй байх зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.


Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 16,17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл тус бүрээр хэлэлцжээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн ажилтан, ажил олгогч, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж, тооцоо, судалгаанд үндэслэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэлээ.

Хуулийн төслийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг тодорхой болгож, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар тусгажээ.

Мөн тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор урьдчилан баталгаа олгох асуудлыг хассан байна.

Зуучлуулагчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах санхүүгийн чадамжтай байлгах зорилгоор зуучлагч компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг “300 сая” төгрөг болгон нэмэгдүүлж, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын монгол ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусган, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна. 

Монгол ажилтны ур чадварыг сайжруулах, дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах зорилгоор гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх бүртгэлтэй ажилгүй иргэнийг дагалдан сургах гэрээ байгуулан ажиллуулах, зарим салбарт гадаадад ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд Засгийн газраас хязгаарлалт тогтоож болохоор зохицуулжээ.

Цахим засаглалыг нэвтрүүлэх зорилттой уялдуулан тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэх зэрэг зохицуулалтыг шинээр тус тус тусгасан байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төсөл батлагдсанаар ажлын байрны орон тоо нэмэгдэх талаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тус хуулийн төсөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуультай хэрхэн уялдаж байгаа талаар, Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа хэрхэн тогтоолгох талаар, УИХ-ын гишүүн П.Анужин гадаад ажилтнаас сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн эмгэгийн үзлэг, оношлогоо авах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэх талаар асуулт, асууж хариулт авчээ.

Ажлын хэсгээс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 42 санал, найруулгын шинжтэй 3 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 2 саналыг тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг боловсролын салбарт гадаадын чадварлаг багш нар маш их хэрэгтэй байдаг. Гадаад хэлний сайн багш, Монгол Улсын консерватор, технологийн салбарт ч нарийн мэргэжлийн багш нарыг урьж ажиллуулах шаардлагатай байгаа. Тэр хүмүүсийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлыг хэрхэн тусгасан бэ хэмээн лавласан.


Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллах гадаадын боловсон хүчнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, хөнгөлөх нь зүйтэй гэж үзэж, Засгийн газар тухай бүрт нь шийдээд явах боломжийг хуулиар олгохоор тусгасан гэсэн хариултыг өгсөн.

Үргэлжлүүлэн Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс зарим хуулиудтай уялдуулан шаардлагатай гэсэн саналыг илэрхийлж байсан. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх саналтай байна хэмээсэн. Тэрбээр, хөдөлмөрийн зах зээл маш хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед элдэв тусгай зөвшөөрлүүд олгоод хөшүүн систем тогтоочих вий гэж эмээж байна гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрхийг хамгаалах тусгай сан тусад нь байгуулах, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу манай улсад ажиллаж буй иргэдийн асуудлыг хуульд хэрхэн тусгах, боловсрол, МСҮТ, хөдөлмөрийн зах зээл, компанийн засаглал гээд тусгах асуудал олон буй учир Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг Зөвшөөрлийн тухай болон бусад хуулиуд, сангуудын эрх зүйн байдалтай уялдуулан нь зүйтэй хэмээгээд хуулийн төслийг бүхэлд нь гүйцээн боловсруулж, Эдийн засгийн байнгын хороотой хамтран хуралдах чиглэл өгснөөр өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл