“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 18 дугаарын тойм

  2018-05-11 15:26  174


Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Дээрх хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал доор дурдсан тохиолдолд шийдвэрлэхээр заажээ. Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан, гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм байна.

Түүнчлэн энэ дугаарт Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Дээрх тогтоолоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг тус тус томилсон байна.

Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Уг зарлигаар Монгол Улсаас Израйль Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Израйль Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болдыг томилсон аж.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам батлах, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Журам, жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  


  2018-05-17 15:26  174