Байнгын хорооны дарга Н.Энхболд Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзав

  2017-03-07 15:03  268

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.03.07) Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурнойг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд С.В.Чепурной, Беларусь, Монгол Улс бол хамтын ажиллагааны олон арван жилийн түүхэн уламжлалтай орон. Сүүлийн жилүүдэд хоцрогдонгуй байгаа худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна. Мөн улс төрийн өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн тогтворжуулах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, гишүүдийг харилцан айлчлуулах нь чухал гэж үзэж байгаагаа онцлов. Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэн тохирсон хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, гүнзгийрүүлэх асуудлыг хөндлөө.



          Тэрээр Беларусийн хууль тогтоох байгууллага буюу Үндэсний хуралд 12 гишүүнтэй Беларусь, Монголын парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байна гээд Монгол Улсын Их Хуралд ийм бүлэг байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Элчин сайд С.В.Чепурной, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар, үүн дотор сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнд машин механизм, уул уурхай зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэж, нэгэнт хэлэлцэн тохирсон ажил, арга хэмжээг бодит ажил хэрэг болгож үр дүнд хүргэх нь чухал байна гэдгийг онцлов.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь чухал бөгөөд ийм боломж бий гэдэгт санал нэг байгаагаа тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулаад энэ хүндрэлтэй байдлыг энэ онд багтаан тогтворжуулах, цаашид ойрын 1-2 жилдээ багтаан даван туулах боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Мөн Монгол Улсын Их Хуралд хоёр орны парламентын бүлэг удахгүй байгуулагдана гэж найдаж буйгаа илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2017-03-07 15:03  268