Цэс

Холбоо барих

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 29 дүгээр хуралдаанд Монголын парламентын төлөөлөгчид оролцов

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хант Улсын Бирмингем хотноо 2022 оны 7 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 29 дүгээр хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтэй харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцлоо.

Хуралдааны үеэр салбар уулзалтууд болох Төв Азийн орнуудын төлөөлөгчдийн уулзалт, ЕАБХАБ-ын ПА-н Торгоны зам группын уулзалт, Улс төр аюулгүй байдлын ерөнхий хорооны уулзалт, Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны ерөнхий хорооны уулзалт, Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлаарх ерөнхий хорооны уулзалт, ЕАБХАБ-ын ПА-н Терроризмтэй тэмцэх түр хорооны уулзалтууд зохион байгуулагдаж, дэлхий дахинд тулгараад буй олон улсын тулгамдсан асуудлуудаар төлөөлөгчид харилцан санал солилцов.


 



Монголын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Төв азийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцох үеэр Украйнд үүссэн нөхцөл байдал, үүнтэй холбоотой улс орнуудын авч байгаа хориг арга хэмжээ нь бүх улс орон, бүс нутгуудад хүндээр тусч байгааг онцолж, хэт хавтгайруулан хэрэгжүүлж буй  хориг арга хэмжээ нь зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй жижиг орнуудад шууд болон шууд бусаар тусч буйг тэмдэглэв.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн уулзалтын үеэр явагдсан Торгоны зам бүлгийн 7 дугаар уулзалтаас Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг тус бүлгийн Мэдээлэл, судалгааны элч-багийн ахлагчаар томилж ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Хуралдааны сүүлийн өдөр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчөөр хатагтай Маргарета Кедерфелтийг улируулан сонгосон ба Бирмингем Тунхаглалыг баталсан юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл