Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегринитэй уулзав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнөөдөр (2017.11.28) манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хүрэлцэн ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье гээд Монгол Улс, Словак Улсын хооронд тогтсон харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх шаардлагатай байна гэлээ.


Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв.

Шинээр бүрдсэн Улсын Их Хурал өнгөрсөн 4 жилийн хугацаанд гаргасан алдаатай бодлогыг засч ажиллахад гол анхаарлаа хандуулан ажиллалаа. Эхнээсээ үр дүн нь гарч энэ жил эдийн засаг өсөлт 5.3 хувьд хүрч, ирэх жил эдийн засгийн өсөлт улам нэмэгдэх хандлагатай байна. Словак Улсын туршлага, шинэ технологийг манай хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт нэвтрүүлэх нь чухал. Иймээс бид хамтран ажиллахад бэлэн.

Шадар сайд таныг дагалдан ирсэн бизнесийн төлөөлөл маргааш зохион байгуулагдах Монгол-Словакын бизнес форумын үеэр хамтран ажиллах түншээ олж, монголд хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт итгэж байна хэмээн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэлэв.

Ноён Петер Пеллегрини байнгын хорооны даргад хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд Засгийн газрын түвшинд бус парламентын түвшинд хоёр орны хамтын ажиллагааг өргөтгөх боломжтойг онцоллоо.

Тэрбээр ирэх жилүүдэд харилцан өндөр түвшний айлчлалууд хийгдэнэ гэдэгт итгэж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл