Байнгын хороод хуралдаж Дэд хороодын дарга нарыг сонголоо

  2016-08-03 01:00  498

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод өнөөдөр /2016.08.03/ хуралдаж Дэд хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9, 24.10 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Дэд хороодын дарга нарыг сонгон Байнгын хорооны тогтоолуудыг баталсан юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Батболдыг сонгов. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ёс зүйн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг нарыг тус тус сонголоо.                                                                                                     

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Б.Батзоригийг сонгохыг дэмжсэн юм.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг сонгов.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяаг сонгов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2016-09-22 23:40  498