Цэс

Холбоо барих

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН 100 ЖИЛИЙН ОЙД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ


    Орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын хуралд УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар оролцлоо. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор  шагнагдсаныг гардуулан өгч, мэндчилгээ дэвшүүлэв.



ОРЧИН ЦАГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсад орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байгаа эрхэм хүндэт тус байгууллагын үе үеийн ахмад ажилтан, офицер, ахлагч Та бүхэнд баярын мэндийг өргөн дэвшүүлье.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь түүхэн хөгжлийн 100 жилийн хугацаанд төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хангах үйл хэрэгт хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн.

    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн зарчим, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөрийн хүрээнд хүний эрх, эрх чөлөө, түүний хууль зүйн баталгааг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

 Улсын Их Хурал хүний эрхийг хангах эрх зүйн орчинг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх хэмжээг зөв, оновчтой тогтоон бэхжүүлэх, алба хаагчийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг анхааран ажиллаж байна.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, ажиллагсдыг төрийн албаны шинэ стандарт, хүний эрхийг хангах эрх зүй, шаардлагад нийцүүлэн мэргэшүүлэх, давтан сургах шаардлага гарч байна. Мөн гадаад орны ижил чиг үүрэг бүхий байгууллагын сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бие бүрэлдэхүүний өрсөлдөх чадварыг дэлхийн жишигт хүргэх талаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй. 

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, үндэсний аюулгүй байдал, амар тайвны манаанд цуцалтгүй зогсож, хууль ёсоо дээдлэн, хүний эрхийг хүндэтгэн, төрийн албаны сахилга, ёс зүй, шударга ёсыг чанд баримтлан үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлнэ гэдэгт итгэл төгс байна.



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл