Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцангийн номын нээлт боллоо

Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцангийн “Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх”, “Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх” цуврал ботийн  нээлт  (2022.07.07) өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Тус номын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ,  УИХ-ын гишүүдийн хууль тогтоох ажлын талаар мэдлэг чадварыг дээшлүүлэхэд туслах зорилгоор хуралдааны дэг, бүрэн эрх, үйл ажиллагааг боловсронгуй болгоход ард түмний санал бодолд тулгуурлаж, шинжлэх ухааны тооцоо, судалгаатай үндэслэл бүхий хуулийг баталж байх энэ зарчимд нийцүүлэн УИХ-ын болон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухай номыг туурвисанд талархаж  байгаагаа илэрхийлэв.

Мөн номын нээлтэд хүрэлцэн ирсэн гишүүдээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Баттөмөр, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Н.Энхболд, Ц.Анандбазар нар үг хэлж номын тухай сэтгэгдлээ хуваалцаж, баяр хүргэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, эрдэмтэн судлаачид ном бүтээлийнх нь талаар илтгэлийг нь сонслоо.

Уг номын “Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх” хэмээх тэргүүн ботид Үндсэн хуульт ёс, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төрийн бодлого тодорхойлохын мөн чанар, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтын хэлбэр, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдал, ёс зүй, хариуцлага, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, урьдчилан сэргийлэх, төрийн болон албаны нууц, Улсын Их Хурлын гишүүний төсөв, түүний бүрдэл, гадаад харилцаа ба төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, төлөөллөө хэрэгжүүлж тойрогтоо ажиллах, хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах гэсэн сэдвүүдийг хамруулсан байна.


Харин “Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх” хэмээх дэд боть нь УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах,  хэлэлцэн батлах үйл явц, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах бүрэн эрх, нийтийн сонсгол, төсвийн хяналт, албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудал гэх зэрэг сэдвийг агуулсан байна.

Д.Лүндээжанцан номынхоо талаар, төрийн түшээ УИХ-ын гишүүн нь улс орон, ард түмнийхээ өмнө асар өндөр үүрэг, хариуцлага хүлээдэг учраас хууль тогтоох байгууллага, түүний бүрэн эрх, үйл ажиллагааны талаар болон төрийн бодлогын баримт бичиг, хуулийн төсөл боловсруулах, хууль санаачлах, хэлэлцэх, батлах талаар өргөн хүрээний мэдлэгтэй, хууль эрх зүйн онол, техникийг сайтар эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Энэхүү хоёр цуврал гарын авлага нь УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын ажилд мэдээлэл лавлагаа болохын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагааны нэг гол сурах бичиг болно гэж үзэж байгаагаа онцолсон.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл