Байнгын хороо хууль тогтоомжийн төслүүдийнн эцсийн болон анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

  2020-05-06 21:44  530

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаан 15 цаг 18 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хийсэн юм.

Байнгын хорооны тогтоолоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдээс олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. Мөн нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах, нийцлийг хангахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зарүүтэй болон найруулгын зарим санал гаргасан байна.


Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсгийн “Хувь хүн, хуулийн этгээд нь Улсын Их Хурлын нэр, үйл ажиллагаатай шууд холбогдож ойлгогдох нэр ашиглахыг хориглоно” гэснийг “Улсын Их Хурлын бэлгэ тэмдэг, оноосон нэртэй адил утга, агуулгатай бэлгэ тэмдэг, нэршлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно” гэж өөрчлөхөөр болов. Мөн төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлнэ” гэснийг “Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цахимаар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ” гэж өөрчлөхийг дэмжлээ. Түүнчлэн төслийн 23 дугаар зүйлийн 23.3.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “Хүн ам зүй, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн” гэснийг “Нийгмийн бодлогын” гэж өөрчлөхийг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Дараа нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан ахалж байгаа юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.


Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсны зэрэгцээ төслийн анхны хэлэлцүүлгийн үед зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар  хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зарүүтэй болон найруулгын зарим саналын томьёолол бэлтгэжээ. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Хуулийн төслийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэн бөгөөд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн төслийг эцэслэн батлуулахаар тогтлоо.

Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Байнгын хорооны өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат танилцуулга хийлээ. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 33, найруулгын таван багц саналын томьёолол бэлтгэсэн байна.


Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт вяуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг “гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах”, мөн зүйлийн 13.2 дахь хэсгийг “Гишүүний асуултад хариулах хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй байна” гэж өөрчлөн найруулах болов.

Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг “Гишүүн энэ хуулийн 9.5-д заасан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ” гэж өөрчлөн найруулах, үүнтэй холбогдуулан төслийн 13 дугаар зүйлд “Хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, тухайн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ талаар хэлэлцүүлэг явуулахгүй” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр тогтов.

Ажлын хэсгээс төслийн 36 дугаар зүйлд “Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлэхээ урьдчилан мэдэгдэж дараалалд орсон гишүүн 5 минутаас илүүгүй хугацаагаар индэрт гарч үг хэлнэ. Ийнхүү үг хэлэхдээ төслийн үзэл баримтлалын талаарх өөрийн байр суурь, үндэслэлийг тодорхой судалгаа, албан ёсны мэдээлэлд тулгуурлан илэрхийлнэ” гэсэн агуулгатай хэсэг нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь олонхын дэмжлэг авч чадсангүй. Харин төслийн мөн зүйлд “Гишүүн хуулийн төслийн үзэл баримтлалтай шууд холбогдолгүй асуудлаар үг хэлбэл хуралдаан даргалагч зогсоох эрхтэй” гэсэн агуулгатай хэсэг нэмэх саналыг гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын саналаар төслийн 18 дугаар зүйлийн 18.8, 18.9 дэх заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн саналаар улсын төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед шаардлагатай бол хөрөнгө оруулалтын агуулга, дүнг өөрчлөхгүйгээр зарим засвар өөрчлөлтийг хийж болох талаар төслийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.


Улсын Их Хурал 2007 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг батлан гаргаснаас хойш 26 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын хуралдааны үйл ажиллагаанд үүсэж байгаа тулгамдсан асуудлыг шуурхай зохицуулалт хийж, өөрчлөх, боловсронгуй болгох, олон улсын чиг хандлагыг тусгаж, парламентын төлөвшилт хөгжилтөд зохих үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваар”-ийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 126 зүйлтэйгээр боловсруулсныг ийнхүү хэлэлцэж байгаа юм.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн юм. Байнгын хорооны өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг хуулийн төсөл нь нийтдээ 38 зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хуулийн 4 зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, 2 хэсэг, 1 заалтыг шинээр нэмж, 5 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх зарчмыг баримтлан зарчмын зөрүүтэй 15 саналын томьёолол бэлтгэжээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад төслийн талаарх зарим томьёоллыг ажлын хэсэг эргэн харж дахин нягтлах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав.

Хуралдааны төгсгөлд ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийг Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын даргын захирамжаар тогтоолын төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан 12 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

Энэ хугацаанд ажлын хэсэг хоёр удаа, ажлын дэд хэсэг дөрвөн удаа хуралдаж,  тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж, төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 30 гаруй саналын томьёолол гаргажээ. Мөн уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын бүх Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, өөрсдийн эрхлэх асуудлын чиглэлээр төсөлд тусгагдсан зорилтуудыг нарийвчлан авч үзсэн талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Н.Амарзаяа, Ш.Раднаасэд, Б.Жавхлан нар танилцуулсан юм.


Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Уг тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, зорилтыг хэрэгжүүлэх үет шат, хүрэх үр дүнг нэгдүгээр хавсралтаар, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хоёрдугаар хавсралтаар, хэрэгжилтийн хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг гуравдугаар хавсралтаар тус тус батлах, уг тогтоолын хавсралтад “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030 батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар батлагдсан зорилт, үе шат, үр дүнг илэрхийлэх үзүүлэлтийг өөрчлөн найруулж болон агуулгаар нь авч тусгасантай холбогдуулан Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор тогтов.

Харин тогтоолын хавсралтын “Эдийн засаг” гэсэн зорилтыг “Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн тогтоолын төслийн хавсралтын зорилт тус бүртэй холбогдуулж ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллыг холбогдох хэсэгт хавсралтаар тусгасан байна.

Түүнчлэн тогтоолын төслийн хавсралтын зорилт тус бүрийн “Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны ерөнхий чиглэл” хэсгийн “I үе шат (2020-2030)” гэснийг “I үе шат (2021-2030)” гэж өөрчлөх, тогтоолын төслийн нэгдүгээр хавсралтад “Алсын хараа: Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр тогтлоо. Байнгын хороо уг тогтоолын төслийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзэв.

Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналууд болон гишүүдээс бичгээр гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


  2020-05-06 21:28  530