Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.09.06/ хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг, дээрх хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын харьяанд багтдаг яам, агентлагуудын удирдлагууд төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу аймаг нийслэлийн Засаг дарга орон нутгийн концессын зүйлийн жагсаалтыг боловсруулан ИТХ-аараа батлуулдаг. Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаснаар аймаг, нийслэлийн Засаг дарга концессын зүйлийн жагсаалтыг боловсруулан түүний зардал, ашгийн тооцооны хамт Сангийн яаманд ирүүлж зөвшөөрөл авсны дараа ИТХ-аар хэлэлцүүлдэг болох юм. Мөн аймаг, нийслэлийн ИТХ орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын зүйлийн жагсаалтыг батлах, гэрээ байгуулах эрх олгохыг хориглосон заалт нэмэхээр тусгажээ.

Төрийн өмчийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулсантай холбогдсон болон төсвийн урсгал зардлыг бууруулах арга хэмжээний хүрээнд төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах ба гүйцэтгэх албан тушаалтны цалин, урамшууллын хэмжээг хязгаарлахтай холбоотойгоор хуулийн холбогдох заалтуудыг өөрчлөх, хүчингүй болгохоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Үүнээс гадна орон нутгийн өмчит, орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргадаг байсныг хүчингүй болгохоор тусгажээ.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга үнэт цаас гаргах эрхтэй байгаа. Өргөн мэдүүлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд аймаг, нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах энэхүү эрхийг хүчингүй болгохоор тусгасан аж.

Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт дээрх хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, нэмэлт төлбөр 0 хувь байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь 2019 оныг хүртэл үйлчлэхээр байгаа юм.

Өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дээрх хугацааг 2017 он болгож наашлуулахаар, өөрөөр хэлбэл, Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээг 5 хувь болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд Монгол Улсын иргэний 100 сая төгрөгөөс доош хэмжээтэй хугацаатай болон хугацаагүй хадгаламж, 100 сая төгрөгөөс дээш хэмжээтэй 1 жилээс дээш хугацаатай мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлсөн байгаа. Энэ чөлөөлөлтийг 2017 оноос хүчингүй болгохоор, өөрөөр хэлбэл, бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогод 2017 оноос эхлэн татвар ногдуулахаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Жавхлан нар асуулт асуусан. Тэдгээр гишүүд Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээг 5 хувь болгон нэмэгдүүлэхээр тусгасантай Монголбанк санал нийлэхгүй байгааг анхаарах нь зүйтэй хэмээж байлаа. Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тайлбарласнаар, одоогийн хуулийн үйлчлэлийн үр дүнд 2011 оноос алт тушаалтын хэмжээ сэргэж, улмаар 2015 оны эцсийн дүнгээр 15.1 тн болж өссөн байна. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2016 оны 08 дугаар сарын 30-ны байдлаар 11.5 тн-д хүрчээ. Алтны татварыг нэмэгдүүлснээр 2017 онд 38.7 тэрбум төгрөгийн орлого төсөвт орохоор тооцоолсон ч Монголбанкинд тушаах алтны хэмжээнд сөрөг нөлөөлөх талтайг анхаарах нь зүйтэй байгаа аж. Тиймээс хуулийн үйлчлэлийн хугацааг хэвээр нь үлдээх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Харин Сангийн яамны зүгээс алтны татварыг багасгаснаар орлого нэмэгдсэн зүйл харагдахгүй байгаа гэсэн тайлбарыг өгч байлаа. Хуралдааны үеэр нэр бүхий гишүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасан ч олонхийн дэмжлэг аваагүй юм.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл