Цэс

Холбоо барих

Архангай аймагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас томилсон төсөл хэлэлцүүлэгч ээлжит баг өнөөдөр (2017.08.14) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зохион байгуулав.


Ихтамир, Цэнхэр, Булган, Төвшрүүлэх, Чулуут, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, багийн ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, иргэд оролцож буй хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Болормаа үг хэллээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн улс орон даяар явагдаж байгааг тэрбээр дурдаад “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг Архангай аймагт наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Эрдэнэбулган, Батцэнгэл, Өндөр-Улаан сумдад бүсчилсэн хэлбэрээр явагдана. Бүсчилсэн хэлэлцүүлгийн дараа аймгийн 19 сум, 101 баг тус бүрт төслийн хэлэлцүүлэг явагдах юм” гэлээ.


Эрдэнэбулган суманд болсон хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг оролцсон. “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэх заалт тусгагдсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэн ажиллаж буйг тэрбээр тэмдэглэн хэллээ. Төслийг дөрвөн үе шат дамжин боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг товч танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болон Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, дүгнэлтэд үндэслэн Засгийн газраас “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийг байгуулсан байна. Энэ хүрээнд улс орон даяар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн санаа бодлыг тандан судалжээ. Үүний дараа 2016 онд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг судлан, өмнөх парламентын үед энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын хэсгүүдийн дүгнэлт, боловсруулсан төслүүд, холбогдох судалгаа шинжилгээ, тайланг үндэслэн Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх 6 сэдвийг баталсан байна. Гуравдугаар шатанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан. Анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн боловсруулан УИХ-ын даргад гардуулсан байна. Харин одоо тав дахь шат буюу дээрх төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажил явагдаж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл өгөв.


Түүнчлэн есдүгээр сарын 03-ны өдрийг хүртэл улс орон даяар явагдах энэхүү олон нийтийн хэлэлцүүлэг нь иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулахыг дэмжиж буй эсэхийг, иргэдийн олонхи нь төсөлд тусгагдсанаас бусад ямар зүйл, заалтыг өөрчлөх, ямар зохицуулалтыг нэмж тусгах саналтай байгааг тандах зорилготой гэдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлж байлаа.


Хэлэлцүүлгийн нээлтийн дараа УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамрах хүрээ, ерөнхий бүтцийн талаар мэдээлэл өгч, төслийн заалт тус бүрээр тайлбар, нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, онол судалгаа болон уг нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулаа.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна.


УИХ, Засгийн газар хоорондох төсвийн талаарх эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгох төсвийн зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох;


Парламент дахь хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын чанар, үр дүн, батлагдасан хууль тогтоомжийн чанарыг сайжруулах ач холбогдол бүхий УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох;


Аливаа хуулийг эцэслэн батлахад төлөөллийн чанарыг хангах, УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа тогтмол сууж, үр нөлөөтэй оролцох ач холбогдолтой хуралдааныг хүчинтэйд тооцох ирц, хууль эцэслэн батлах босгын талаарх зохицуулалт;


УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол УИХ-ыг тараах өөрчлөлт оруулснаар Засгийн газар тогтвортой, тасралтгүй ажиллагааг хангах боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна;


Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хууль, хяналтын байгууллагын эрх хэмжээ хүрэхгүй тохиолдолд УИХ хянан шалгах түр хороо байгуулах, ингэснээр уг асуудлаар парламент хяналт шалгалт хийх боломж бүрдүүлэх зохицуулалт бүхий нэмэлт;


УИХ-ыг хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий төрийн хяналтын байгууллага байгуулахтай холбоотой зохицуулалт бүхий нэмэлт;


Олонхийг төлөөлөх сонгуулийн тогтолцооноос бусад хувилбарыг сонгуулийн тухай хуулиудад хэрэглэх боломжийг бүрдүүлэх нэмэлт;


УИХ-ын гишүүн албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхгүй байхтай холбоотой заалтыг өөрчлөн найруулахаар төсөлд тусгасан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж архангайчуудад танилцууллаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Шүүх эрх мэдэл сэдвээр танилцуулга хийсэн бол УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур "Монгол Улсын Ерөнхийлөгч", "Төрийн алба", "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага" сэдэв тус бүрээр танилцуулга явуулсны дараа иргэд сонирхсон асуултдаа хариулт авч, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналаа илэрхийлэв.


Тус хэлэлцүүлэг оролцсон иргэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар илүүтэй сонирхож, Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын статус энэхүү төсөл батлагдсан тохиолдолд хэрхэх талаар тодруулж байв. Мөн төсөл дэх баг, тосгон, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нар нь томилдог байх зохицуулалтыг талархан дэмжиж буйгаа иргэд хэлж байлаа. Түүнчлэн төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчдыг ур чадвар, мэдлэг чадвараар нь сонгон шалгаруулж ажиллуулж, ёс зүйтэй, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх шаардлага бий гэдгийг иргэд олонтаа хэлж байлаа.


Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн иргэн Г.Даваа төсөл дэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох нэмэлт, өөрчлөлттэй санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн бол гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдлийг өргөжүүлэх саналыг гаргасан юм. Япон Улс, ХБНГУ-ын туршлагыг судалж, боломжтой бол энэ төрлийн зохицуулалтыг Үндсэн хуульд нэмт тусгах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр Үндсэн хуульд “мал төрийн хамгаалалтад байна”, “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус заасан байдаг тул Үндсэн хуульд тусгах чиглэлийн яамдад хүнс, хөдөө аж ахуй болон эрүүл мэнд хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг нэмж оруулах саналыг гаргасан.




Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн иргэн М.Шагдарсүрэн төсөл дэх эрх мэдлийн хуваарилалтын талаарх зохицуулалтад өргөн утгаар нь хандах санал гаргахын зэрэгцээ боловсролын асуудлыг онцгойлон анхаарах цаг болсныг онцгойлон хэлсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи Эрдэнэбулган сумын хэлэлцүүлэгт 67 албан хаагч, 183 иргэн оролцсноос 137 саналын хуудас бүртгэгдлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг маргааш (2017.08.15 Мягмар гараг) Архангай аймгийн Өндөр-Улаан суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл