Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

  2020-05-08 12:14  548

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2020.05.08) чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.


Байнгын хорооны энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэх байсан ч хэлэлцүүлгийн явцад төслийн талаарх зарим томьёоллыг ажлын хэсэг эргэн харж дахин нягтлах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.

Иймээс Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу 21 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг “Бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугаацанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж тус тус өөрчлөхөөр болов.


Түүнчлэн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж буй асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж, төслийн мөн зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоол баталсан бол энэ хуулийн 26.2-т заасан асуудлыг дэмжсэнд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо.

Хуулийн төслийн 6 дугаар  зүйлийг өөрчлөн найруулахтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар гишүүдийн асуултад хариулт тайлбар өгсөн юм. Ингээд хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.


Монгол Улсад хотжих үйл явц өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст хурдацтай өрнөж өнөөгийн байдлаар хот, суурин газарт амьдарч байгаа хүн амын эзлэх хувь өссөөр байна. Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр нийт 3,2 сая хүн амын 2,2 сая хүн ам буюу 67 хувь нь хот, суурин газарт амьдарч байгаагаас 1,4 сая хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан нь 1990 онд нийт хүн амын 55.8 хувь нь хот, суурин газарт амьдарч байсантай харьцуулахад нэмэгджээ.

Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь хот, суурин газарт төвлөрсөн байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршин дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Үүнээс үүдэлтэйгээр томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж нь хүрэлцэхгүй болж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг бий болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод манай улсын их, дээд сургуулиудын дийлэнх нь буюу 88.5 хувь нь байршиж, тэдгээрт нийт оюутан сурагчдын 95.3 хувь нь суралцаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Аэросити хотын хувьд олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулагдахаар төлөвлөгдсөн. Мөн уг хотод шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, логистикийн сүлжээний байгууламжууд зэргийг байгуулснаар Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болж, Улаанбаатар хотод төвлөрөөд байсан гадаад худалдааны ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн ихэнх нь энэ хот руу шилжиж, Улаанбаатар хотын авто замын ачаалал буурах ач холбогдолтой.

Харин Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түунийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжууд байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд аялал жуулчлалын шинэ урсгал бий болохоос гадна зарим их, дээд сургуулийг уг хотод нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2020-05-08 12:02  548