Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээ

  2019-11-28 19:08  78

   

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бирагийн Чимидийн 85 насны ойн хүрээнд болж буй “Үндсэн хуулийн эх баригч – Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч Эрхэм хүндэт эрдэмтэн судлаач, зочид, төлөөлөгч Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Олон улсын эрдэм шинжилгээний энэ хурал Монгол төрийн түүхэн, чухал үйл явдалтай давхцан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. УИХ 14 хоногийн өмнө 1992 оны ардчилсан Үндсэн хуульд суурь үзэл баримтлалынх нь хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг нэмэлт, өөрчлөлтийг Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нотлон баталгаажууллаа.

Ийнхүү Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засан сайжруулах, засаглалын хяналт-тэнцэл, тогтвортой байдлын тогтолцоог бүрдүүлэх, парламентыг хариуцлагажуулж, шүүхийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлага, засаг захиргааны эрх зүйн үндсийг тогтоох зэрэг чиглэлээр сүүлийн 10 гаруй жил, гурван парламент дамжин өрнөсөн санал санаачилгыг өнөөгийн парламент үндэсний хэмжээний зөвшилцөл ойлголцлын хүрээнд бодит ажил хэрэг болгож чадлаа.

Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт өмнө нь УИХ-д өргөн мэдүүлж байсан хэд хэдэн төсөл болон эрдэмтэн, судлаачдын дүгнэлт, судалгаа, ард иргэдийн санал бодолд суурилсан. Түүнчлэн Б.Чимид агсан “Улс төрийн явцуу бүлэглэлүүдийн албан тушаал, эрх ямбын өрсөлдөөний золиос болсон өөрчлөлтийг жам ёсны хэмээн андуурч хууртагдан, Үндсэн хуулийн үнэт зүйл болсон гол зарчмаасаа хазайхад хүрүүзэй гэж л болгоомжилмоор байдаг юм” гэж хэлснийг марталгүй санаж, мөрдлөг болгосон. Үндсэн хуулийнхаа үнэт зүйлийг хөндөлгүйгээр жам ёсны өөрчлөлт оруулсан гэж үзэж болно. Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, дагаж мөрдсөөр даруй 27 жил болоод байна. Ард Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, нарийн бичгийн дарга Б.Чимид агсан Үндсэн хуулийн эхийг баригч төдийгүй, Үндсэн хуулийн агуулга, үзэл санааг тайлбарлан таниулах, түүний дархлааг сахин хамгаалахад нэн чухал хувь нэмэр оруулсан нь та бидний эрхэмлэх учиртай үнэт өв мөн билээ.

“Чимид” сангаас зохион байгуулдаг Үндсэн хуулийн талаарх эрдэм шинжилгээний хурал жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд энэ удаа Монгол, ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль судлалд томоохон хувь нэмэр оруулсан чухал үйл явдал болж байна.

Тус хурлыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, Монгол Улсын Их Сургууль, Монголын хуульчдын холбоо, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Удирдлагын академи, Азийн сан, Шихихутаг их сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа нь хурлын цар хүрээ өргөжин тэлж, агуулга ач холбогдол нь өсөн нэмэгдэж буйн илрэл юм. Цаашид Улсын Их Хурлын даргын ивээл дор Үндсэн хууль судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дээрх болон бусад байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулж байх боломж, бололцоо нээлттэй байгааг тэмдэглэж хэлье.

Үндсэн хууль судлалыг төр засаг, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал байнга анхааралынхаа төвд байлгаж, ямагт дэмжин, байнгын тасралтгүй байдлыг хангах нь чухал бөгөөд Үндсэн хууль судлал хөгжин гүнзгийрэх тусам Үндсэн хуулиа сахин дагах, хэрэгжүүлэн биелүүлэх зарчим хангагдаж, Үндсэн хуульт байгуулал, Монгол Улсын бүрэн эрхт байдал бэхжих болно.

“Үндсэн хуулийг эхийг баригч – Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагчид, оролцогчид Та бүхэнд сайн сайхныг хүсэж, хуулиар засаглах төрийн ёс цэгцэрч, эрдмийн цутгалан тасралтгүй ундаргатай байхын ерөөл өргөе.

Бирагийн Чимид агсны яндашгүй өв улам улмаар арвижин дэлгэрэх болтугай.



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                 ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот


  2019-11-28 17:37  78