УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан , Ж.Чинбүрэн нар  ОХУ-ын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усстай уулзлаа

  2022-06-07 16:29  93
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан , Ж.Чинбүрэн нар  ОХУ-ын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усстай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Чинбүрэн нар  ОХУ-ын Красноярскийн хязгаарын Амбан захирагч Александр Викторович Усс, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов нарын төлөөлөгчдийг  өнөөдөр (2022.06.07) хүлээн авч уулзлаа.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэйг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд, ойн сан, усны эх үүсвэрийг хамгаалах талаар туршлага судлах, баруун бүсийн зам тээврийн салбарын хамтын ажиллагаа, Улаанбаатар-Красноярскийн чиглэлд нислэг хийх боломжийн талаар хөндлөө. Түүнчлэн оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бизнес форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Амбан захирагчийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж буйгаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, зүрх судасны болон хорт хавдрын өвчлөл нас баралтын шалтгааныг тэргүүлж байгааг дурдаад, Красноярскийн хязгаарын эмч нартай туршлага солилцож, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.


ОХУ-ын Красноярскийн хязгаарын Амбан захирагч Александр Викторович Усс, дэд бүтэц, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бий хэмээлээ. Түүнчлэн Красноярскийн хязгаар мужийн захиргааны зүгээс төмөр замын төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, газрын тос олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд оюутан  солилцоо, туршлага солилцох төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Красноярск-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх, Улаанбаатар хотоор дамжин Зүүн Өмнөд Ази руу нислэг үйлдэх сонирхолтой байгаагаа уламжлаад, хоёр талын худалдаа, аж үйлдвэрлэл, зам тээвэр боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай өргөжин гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв


  2022-06-07 17:27  93