Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 39 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолоор эхэлж байна. Түүгээр , “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...” гэсний “...томилогдсон...огцруулах...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж үзсэн байна.

Мөн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Эмхэтгэлд нийтэлсэн Засгийн газрын тогтоолоор, Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталжээ.Энэ жагсаалтад заасан барааг нийлүүлэх шаардлагыг тендерийн баримт бичигт тусгаж, жил бүрийн худалдан авахаар батлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний биелэлтийг дараа оны 1 дүгээр сард багтаан үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагчдад  энэ тогтоолоор үүрэг болгосон байна.

Дээрх жагсаалтад бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхин бүтээгдэхүүн, зам, барилгын бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн зэрэгт ямар бараа багтсаныг эмхэтгэлийн шинэ дугаараас танилцах боломжтой.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт нийтэллээ. Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршиж байна. Харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5.3-т зааснаас бусад татварыг ил болгон мэдүүлэхтэй холбогдох харилцааг энэ журмаар зохицуулахгүй ажээ.

 Хуулийг хэрхэн сурталчлан таниулах түүний дотор төрийн байгууллага нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор  ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ямар утсаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө авах, нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа хэрхэн мэдүүлэх, ямар алданги, торгуулиас чөлөөлөгдөх, ил болгосон мэдээллийг хэрхэн бүртгэх зэрэг асуудлыг журамласан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл