Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-10-05 19:10 Уншсан: 955

УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан өнөөдөр (2017.10.05) Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиаш, Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал Б.Онолбаатар нартай уулзаж, олон жил яригдаж байгаа Биокомбинат ТӨААТҮГ-ын өргөтгөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Унгар Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1973 онд Биокомбинат ТӨААТҮГ-ыг барьж, ашиглалтад оруулсан байдаг. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тус үйлдвэрт технологийн шинэчлэл хийгдээгүй юм байна.

Дээрх асуудлыг шийдэх хүрээнд Унгарын тал манай улсад 25 сая ам.долларын хүүгүй зээл олгохоор болж, Монголын талаас техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүргийг хүлээсэн ч 2015 оноос хойш өнөөг хүртэл дорвитой ажлууд хийгдээгүйг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал Б.Онолбаатар хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсад нэн чухал энэ төслийг урагшлуулах хүрээнд ямар ажлууд хийгдэхээр байгааг тодруулж, ойрын хугацаанд тусгай төслийн нэгж байгуулах шаардлагатайг онцоллоо.

Тэрбээр “Хоёр орны парламентын бүлгийн даргын хувиар энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг хүссэн. Энэ ч үүднээсээ та бүхэнтэй уулзаж байна. Миний ойлгож байгаагаар Монголын тал техник эдийн засгийн үндэслэлээ эцэслэн боловсруулаад энэ оны 12 дугаар сарын 31 гэхэд Унгарын талд хүлээлгэн өгөх юм байна. Цаг хугацаа маш бага байгаа учраас бид түргэвчлэх хэрэгтэй.

Манай албаны хүмүүсийн тайлбарласнаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах мэргэжлийн хүмүүс Монголд дутмаг. Тиймээс Унгарын талаас мэргэжлийн хүмүүсийг ирүүлж, зөвлөгөө өгөх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад туслалцаа үзүүлэх асуудлыг тавьж байгааг надад дуулгасан.

Унгар Улсаас өгч буй 25 сая ам.долларын зээлд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах төсөв багтаагүй учраас ажил удааширч байгаа гэж ойлголоо. Үүнийг шийдэх бололцоо бий, эсэхийг эрхэм Элчин сайдаас асууж, тодруулах нь зүйтэй” гэв.

Элчин сайд Галошфаи Михай Матиаш, Монголын тал тогтсон хугацаандаа техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулах нь чухал. Энэ сардаа багтаад манай мэргэжлийн хүмүүс Монголд ирнэ. Энэ үеэр асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг олох байх гэж найдаж байна хэмээв.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан төслийг урагшлуулж, тусгай төслийн нэгж байгуулах нь чухал гэдгийг дахин онцлоод ноён Галошфаи Михай Матиашийн хамтаар тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаар уулзалт өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-10-05 19:10

Хуралдааны тов