Цэс

Холбоо барих

ТББХ: Ардчилсан намын бүлэгт маргаашийн 14 цаг хүртэл завсарлага олголоо


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.25) 14 цаг 28 минутад ээлжит хуралдаанаа эхэлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.

Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавьсан талаарх албан бичгийг өнөөдөр Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна.

Ерөнхийлөгч албан бичигтээ, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалтууд туссан тул энэхүү хуульд хэсэгчлэн хориг тавьж, зарим тодорхой асуудлыг Улсын Их Хурлаар нягтлан хэлэлцүүлэх нь зөв хэмээн үзэж байна гэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлж, дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаарх танилцуулга мэдээллийг дөнгөж сая хүлээн авсан учраас сайн судалж нягтлахад цаг хугацаа хэрэгтэй байна гээд намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.


Намын бүлгийн хүсэлттэй холбогдуулан Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэхдээ, энэ хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж батлуулахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын ахалсан ажлын хэсэг идэвх санаачилгатай, ихээхэн чармайлт гаргаж ажилласан. Мөн өнгөрсөн намрын ээлжит сонгуулиар шинээр бүрдсэн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад цахим ярилцлага хийж, гаргасан саналуудыг төсөлд тусгахад анхаарсан. Иймээс хуульд орон нутгийн өөрөө удирдах болон засаг ззахиргааны байгууллага, иргэдийн төлөөллийн санал зохих тусгалаа олсон гэж үзэж байгаа. Түүнчлэн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган завсарлах дөхөж байгаа зэргийг харгалзан Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт маргаашийн 14 цаг хүртэл завсарлага олгож буйгаа мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл