Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачлагаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхэний утга учиртай оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг УИХ-аас анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра: ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ НЭГЭН ЧУХАЛ АЯЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ БАЙНА
Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, “People in Need” олон улсын ТББ хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа хөтөлбөрийг нээж үг хэллээ. Тэрбээр, ардчилсан нийгэмд эрүүл энх, эрх тэгш хөгжин дэвжиж сайн сайхан амьдрахад иргэдийн идэвх оролцоо хамгаас чухал байдаг хэмээн онцлоод “Дэлхийн улс орнууд үүнийг олон төрлийн хөтөлбөрөөр дэмждэг. Үүнтэй адилаар өнөөдөр бид залгамж халаа болсон өсвөр үеийнхэнийгээ шийдвэр гаргах үйл явцад оролцуулах, дэмжих, идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх, мөн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудыг танин мэдэх, шийдвэрлэхийн төлөө хамтрах, оролцоог нь хангах зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг эхлүүлж байна” гэв.
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад өсвөр үе, хүүхэд залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүх талтай хамтран ажилладаг, байнгын ажиллагаатай платформ болох зорилготой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ. Энэ удаагийн хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бол удаад нь НҮБ-ын Суурин төлөөлөгчтэй хамтран хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв хэрэглээний талаар сургалтууд зохион байгуулах аж. Түүнчлэн "Тогтвортой хөгжлийн зорилт", Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг сурталчлан таниулах, Монгол орон даяар илүү хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, нийгэм рүү чиглэсэн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой сургалт, арга хэмжээг үүгээр эхлүүлж байгаагаа Х.Булгантуяа гишүүн дурдсан юм.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцсон нийслэлийн хүүхдүүд агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг түлхүү хөндөж байсан бол орон нутгийн хүүхдүүд булаг, шандаа хамгаалах, цөлжилттэй тэмцэх, мод тарих шаардлагын талаар, уг асуудалд шийдвэр гаргагчид огт анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилж, өөрсдийн зүгээс ямар оролцоотой байж болох талаар асуудал дэвшүүлж байсан гэдгийг тэрбээр тэмдэглэв.
Хөтөлбөрийн нийт оролцогчид олон төрлийн сургалтад хамрагдахын зэрэгцээ баг болж, хамтран, хөтөлбөрийн зохион байгуулагчид болон мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлэх юм байна. Х.Булгантуяа гишүүн “УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргын хувиар, Монгол Улсыг шинэчлэн өөрчлөх Та бүгдийн санал шийдэл, санаачилгыг хүлээн авахад бэлэн байна. Улсын Их Хурал, түүний Байнгын болон Дэд хороод, Засгийн газрын үүд хаалга Та бүгдээр дамжуулан 1.1 сая монгол хүүхдийн өмнө нээлттэй байна” хэмээгээд “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн нийт оролцогчдод амжилт хүслээ.
Үргэлжлүүлэн Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра үг хэлсэн юм. Тэрбээр “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн нээлтэд оролцож байгаадаа тун их баяртай байна гээд тус хөтөлбөрийн санаачлагч УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарт, хүүхэд залуучуудын оролцоог дэмжих энэхүү платформыг бий болгож буй зохион байгуулагчдад талархал илэрхийллээ.
Хүүхэд, залуу хүн бүр дуу хоолойгоо илэрхийлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн конвенцоор энэхүү эрхийг баталгаажуулсан байдгийг тэрбээр дурдав. Тодруулбал, Монгол Улсын төр засаг хүүхдүүдийн амьдралд нөлөөлж буй аливаа шийдвэр гаргалтад хүүхдүүдийн оролцоог хангах, шийдвэр гаргалтад нөлөөлөх орон зайг бүрдүүлэх, боломжоор хангах үүрэгтэй хэмээн тайлбарласан. НҮБ-ын Хүүхдийн сан энэ чиглэлээр зарим аймагт хамтын ажиллагаа өрнүүлж эхэлсэн бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн хүүхэд, залуус орон нутгийнхаа шийдвэр гаргах үйл явцад аль хэдийнэ оролцоод эхэлсэн байгааг ноён Тапан Мишра энэ үеэр дуулгасан.
“Өсвөрийн Парламент” байгуулагдсан нь хүүхдийн оролцоог үндэсний түвшинд хангах нэгэн чухал алхам болно гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлээд “Хөтөлбөрийн оролцогч Таны бол үе тэнгийнхэний тань ирээдүйн төлөөх нэгэн чухал аялал эхэлж байна. Өнөөдрөөс эхлэн Та зөвхөн өөрийнхөө төлөө биш, ангийнхан, найз нөхөд, үе тэнгийнхэнийхээ, улс орныхоо өнцөг булан бүрд байгаа хүүхэд нэг бүрийн дуу хоолойг төлөөлөх болно. Энэ бол маш нэр хүндтэй хариуцлага. Тиймээс зоригтой байж, итгэлтэйгээр дуу хоолойгоо илэрхийл гэж миний зүгээс зөвлөх байна” гэв.
Ноён Тапан Мишра, “Өсвөрийн Парламент” нь хүүхдийн нас, төлөвшлийг харгалзан, үзэл бодлыг нь бүрэн ойлгох хэрэгцээ, харилцан хүндэтгэл дээр суурилсан насанд хүрэгчид-хүүхдийн хооронд мэдээлэл солилцох, ойлголцох гүүр гэдгийг онцлоод УИХ-ын гишүүд, нийт шийдвэр гаргагчдад хандан “Хүүхэд залуусыг анхааралтай сонсоорой, тэд бол бидний ирээдүй юм шүү” хэмээн уриалав. Мөн тэрбээр хөтөлбөрийн оролцогчдыг харилцан хүндэтгэлтэй, эрч хүчтэйгээр оролцож, бие биенээ сонсохыг уриалж “Энэ хөтөлбөр нь дэлхий нийтэд шийдвэр гаргагчид, хүүхэд залуусын хамтын ажиллагааны амжилттай жишээ болтлоо өргөжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Хөтөлбөрийн оролцогчдыг төлөөлж танхимаар оролцож буй нийслэлийн Хан-Уул дүүргийн төлөөлөл, "Шинэ Монгол" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Наранцацралт, цахимаар оролцож буй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч М.Хүслэн нар мөн үг хэлж, нийт оролцогчдодоо амжилт хүслээ.
Ийнхүү нээлтийн арга хэмжээ болсны дараа “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн талаар мэдээлэл танилцуулж, хөтөлбөрийн оролцогч хүүхэд нэг бүрийг танилцуулав. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг улс орон даяар 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд нээлттэй зохион байгуулсан бөгөөд нийт 1000 гаруй хүсэлтээс 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 76 хүүхдийг шалгаруулсан байна. Мөн хүүхдийн оролцооны улсын хэмжээний байгууллагуудын төлөөлөл 14 хүүхдийн хамт нийт 90 оролцогчтойгоор “Өсвөрийн Парламент” хөтөлбөр эхэлж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүний эрх ба ардчилал” сэдвээр анхны хичээлийг заалаа
Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөөлөлтэй уулзаж, ардчилал, хүний эрхийн боловсролыг хүүхэд ахуй цагаас нь олгох, бүтээлч сэтгэхүйтэй, хүчирхэг монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой парламентын боловсрол хөтөлбөрийн анхны хичээлийг зааж байгаадаа баяртай байгаагаа Улсын Их Хурлын дарга хэллээ. Хүний эрхийн талаарх үзэл бодлоо илэрхийлсэн хөтөлбөрийн оролцогчдын видео бичлэгээр түүний хичээл эхлэв. Хүний эрхийн талаар хүүхдүүдийн хэлж байгаа бүхнийг нийт монголчууд нийгмийн гэрээ болох Үндсэн хуульдаа “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тусгасан байдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэсэн. Энд дурдагдаж буй, монголчуудын байгуулахаар зорьж буй “ардчилсан нийгэм”-ийн талаарх суурь ойлголтыг тэрбээр тайлбарлаж өгсөн юм. Үргэлжлүүлэн тэрбээр хүний эрхийн талаар, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаар, Монгол Улсад хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хийсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт тусгагдсан иргэн бүрийн баталгаатай эдлэх 18 эрхийн талаар нэгбүрчлэн тайлбарлаж, харилцан ярилцав. Хичээлийн төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хүн эрхээ баталгаатай эдлэх ёстой ч, тэрхүү эрх нь өөр нэгний эрхээр хязгаарлагддаг гэдгийг цохон тэмдэглэв. Хүний эрхийн суурь бол бие биенээ хайрлан, хүндэтгэх гэдгийг тэрбээр сануулж “Нэг нэгнээ, эх дэлхийгээ хайрлаж, хүний эрхийг хүндэтгэе” хэмээн уриалаад хүүхэд залууст сурлага, хөдөлмөрийн амжилт хүслээ.
Дараа нь НҮБ-ын Хүүхдийн сангийн “Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар” хөтөлбөрийн ахлагч С.Алтанцэцэг хичээл заав. НҮБ-ын Хүний эрх, байгаль орчны тусгай илтгэгчийн “Хүүхэд байгаль орчноос үүдэлтэй эрсдэл, аюулд хамгаас түрүүнд өртдөг…..энэ аюул хүүхдийн эрх, тэдний амьдрах, эрүүл байх, хөгжих, хүнс тэжээл, орон гэр, ус, ариун цэврийн байгууламж, тоглох, амрах гээд олон эрхтэй уялдаж байна” гэсэн ишлэлээр түүний “Хүүхдийн эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрх” сэдэвт хичээл эхэлж байлаа. 2017 онд НҮБ-ын Хүний эрх, байгаль орчны тусгай илтгэгч Монгол Улсад зочилсон үйл явдлыг С.Алтанцэцэг ахлагч сануулаад, уг илтгэгч 2018 оны НҮБ-ын Хүний эрхийн комиссын 37 дугаар чуулган дээр танилцуулсан илтгэлдээ хүүхдийн байгаль орчны эрхийн тухай асуудлыг хөндсөн талаар мэдээлэл танилцуулсан. Тодруулбал, байгаль орчноос үүдэлтэй эрсдэлд хүүхэд хамгийн түрүүнд өртдөг байна.
Хичээлээр үргэлжлүүлэн эрүүл орчинд амьдрах хүүхдийн эрхийн талаарх олон улсын хэмжээнийн конвенц, баримт бичгүүдийн талаар, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Хүүхдийн аюулгүй, цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах эрхийн талаархи зарчим, бодлогын удирдамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн хүүхдийн суралцах, ярилцах, нөлөөлөх, ухуулах, тоглох, нэгдэх эрхээ эдлэх, баталгаажуулах чиглэлээр хийж болох арга замын талаар, тодорхой жишээ дурдан тайлбарлаж байлаа.
“Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн өнөөдрийн арга хэмжээнд гурван сэдвээр хичээл орохоор төлөвлөсөн бөгөөд МУИС-ийн харьяа Байгаль эх лицей сургуулийн багш, байгалийн ухааны доктор Р.Сүнжидмаа “Тогтвортой хөгжил ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт гурав дахь хичээлийг заасан юм. Дэлхийн дулаарлын талаарх ерөнхий мэдээллийг өгсөн бөгөөд сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74-0.18 хэмээр нэмэгдсэн, 1940 оноос хойш Монголын дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд хүн төрөлхтөний үзүүлж буй нөлөө, хүн нэг бүр, хүүхэд нэг бүрийн амьдралд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх нөлөө, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахтай холбоотой олон улсын түвшний гол бодлогын баримт бичиг болох Парисын хэлэлцээрийн талаар, Тогтвортой хөгжлийн зорилгын талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгсөн юм. Хичээлийнхээ төгсгөлд, байгаль орчинд ээлтэй монголчуудын уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маягийн талаар ярилцаж, мэдээлэл өглөө.
“Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн нээлтийн энэхүү үйл ажиллагаанд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Э.Баттулга, “People in Need” олон улсын ТББ-ын төлөөлөгч Тим Жинкнс нар оролцсон юм. Мөн тус хөтөлбөрийн сургагч багш нар, сайн дурын ажилтнууд, оролцогчид танхим болон цахимаар оролцлоо.
Ийнхүү “Хүний эрх ба ардчилал”, “Хүүхдийн эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрх”, “Тогтвортой хөгжил ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт гурван хичээлийн дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Ерөнхий боловсролын 839 сургуулийн 686.300 сурагчдыг төлөөлж эх орныхоо өнцөг булан бүрээс энэхүү арга хэмжээнд танхимаар болон цахимаар идэвхтэй оролцсон хүүхдүүдэд, мөн хөтөлбөрийг зохион байгуулагчдад тэрбээр талархал илэрхийллээ.
Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ санал бодлыг сонсож, тэдэнтэй хамааралтай аливаа шийдвэр гаргахдаа оролцоог нь хангаж байх шаардлагатай гэдгийг Г.Занданшатар дарга хэлж байв. “1990-ээд оноос хойш нийгмийн ёс суртахууны ямарваа нэг хэм хэмжээгүй явж ирснээс өнөөдрийн нийгмийн ёс суртахууны доголдол үүссэн. Харин шинэ үе болох Та бүхэн маань хайр энэрэлийг мэддэг, ёс суртахуунтай, зүрх сэтгэлийн боловсролтой иргэн болж төлөвших нь Монголын ирээдүйн хөгжлийн үндэс болно. Ийм учраас “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг цаашид үе шаттайгаар тогтмол үргэлжлүүлэхийг зорьж байна. Хөтөлбөрт оролцсоноор Та нар маань хуулиа мэддэг, хэрэгжүүлдэг, байгаль орчноо хайрлаж, хамгаалдаг, сайн үйлсийг санаачилж, манлайлдаг, аж ахуйч, бүтээлч сэтгэлгээтэй, айл гэр төдийгүй улс орныхоо хөгжилд манлайлах чадвартай иргэн болж төлөвшихөд хувь нэмрээ оруулна гэж итгэж байна” гэв.
Монгол Улс парламентын засаглалтай улс орон. Парламент бол хууль тогтоодог байгууллага, гэхдээ зөвхөн томчууд шийдвэр гаргахгүйгээр хүүхдүүдийн асуудлаар шийдвэр гаргахдаа тэдний оролцоог хангадаг, дуу хоолойг нь сонсдог болох хэрэгтэй гэдгийг тэрбээр хэлсэн. Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байгаа талаар тэрбээр мэдээлээд “Төслийн хэлэлцүүлэгт Та бүхэн маань идэвхтэй оролцоорой. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилготой lawforum.parliament.mn системээс төслийн талаар иж бүрэн мэдээллийг авч, хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээлттэй байгаа” хэмээн урьсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.