Цэс

Холбоо барих

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм.

Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний хоёр өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой асуудлуудаар тус тус зохион байгуулсан.

Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд эхэллээ.


Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал болон төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбооны болон бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.


Тэрбээр хэлсэн үгэндээ, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг дахин онцлон тэмдэглэе.

Өмнөх хэлэлцүүлэгүүдэд хэлсэн энэ үгээ давтан давтан хэлж байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандахыг Та бүхэндээ сануулж буй хэрэг юм.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Эдгээр өөрчлөлтийг миний бие хувьдаа дэмжихгүй байгаа.

Учир нь:

1.Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуулиар тогтоох туйлын шаардлага байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөх болсон нийгмийн өнөөгийн болон алс хэтийн хэрэгцээг бүрэн тооцоолох боломжгүй нь болгоомжлоход хүргэж буй бөгөөд ийм төрлийн өөрчлөлтийг Үндсэн хуульд бус шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг тогтоодог хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Үүнтэй нэгэн адил үндэслэлээр шүүгчийг томилохтой холбогдсон харилцааг зохицуулсан болон шүүгчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хэсгүүдийг мөн дэмжих боломжгүй гэж үзсэн. Тус тусын хуулиар зохицуулагдах бүрэн боломжтой, ач холбогдол багатай өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулахын оронд хууль дээдлэх зарчмаа бэхжүүлэх, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Үндсэн хууль бусад хууль гэж ялгалгүй нэгэн адил үйлчилдэг, хэрэгждэг байх нөхцөл бололцоог энэ удаагийн өөрчлөлтөөр бүрдүүлэх нь зөв гэж үзлээ.


2.Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилээр томилохоор тусгасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал, ...боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэсэнд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгчийг анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны гэсэн ангиалалаар ялгаварлан томилох нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшлахаар байгаа тул дэмжих боломжгүй гэж үзсэн.

3.Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний томилгоонд Улсын Их Хурал оролцохоор тусгасан нь шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулна гэж үзсэн. Шүүхийн төсвийг Улсын Их Хурал баталж, шүүхийн захиргааны гишүүдийг нь томилдог байдал руу орсноор шүүх эрх мэдлийн хараат бус байдал улам бүр дордож, бас нэгэн улс төржсөн байгууллага болж хувирах эрсдэл бодитой байгаа юм.

Иймд миний зүгээс “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах, Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах, Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох” зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.   

Шүүхийн сахилга, хариуцлагын асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд тусгасан шиг зөвлөлийн хэмжээнд авч үзэх боломжгүй юм. Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат бус байдлыг нь хамгаалах чиг үүргийг үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулж, зөвхөн шүүгчид хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл олгон, үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв гэж үзлээ.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг танилцуулах бөгөөд төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл