Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-10-05 16:10 Уншсан: 307

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.05) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 20 минутад эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.


Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хуулийн төслийн танилцуулгатай  холбогдуулан Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгчид, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, тайлбар өгсөн.

       Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Ч.Улаан нарын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс 2017 оны төсвийн тодотголд эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх шаардлагатай байгаа талаар  байр сууриа илүүтэй илэрхийлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, “Багш, эмч нарыг цалинг 20-30 хувь нэмэхэд ойролцоогоор 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай байх шиг. Гэтэл  төсвийн тодотголд урсгал зардалд 105 тэрбум төгрөг зарцуулахаар суулгасан байна. 2017 оны төсвийг батлахдаа урсгал зардлын асуудлаа нэг мөр суулгах ёстой байсан шиг санагдана. Энэ мэт урсгал зардлын мөнгөөр л багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэх боломж байна” гэж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, “Улсын Их Хурлын гишүүн бүхэн эмч, багш нарын цалин, урамшууллыг нэмэх гарц, боломжийн талаар ярьж байна. Миний хувьд эмч, багш нарын цалинг нэмэхдээ ажлын үзүүлэлт, чанартай нь харьцуулж нэмэх шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг. Хэн сайн ажилласан нь өндөр цалин авдаг зах зээлийн жишигрүү шилжмээр байна” гэж байлаа.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Төсвийн тодотголд концессийн эргэн төлөлтөд 140 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай гэснийг эргэн хармаар байна. Үүний оронд 40 хувьд олгож байгаа хүүхдийн мөнгөний хүрээг тэлж 60,80 хувьд олгох шаардлагатай байна гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Төсвийн тодотгол гэдэг  төсвөө сайжруулахыг хэлдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бид төсвийн тодотгол хийгээд сайжруулж чадаагүй, одоо ч сайжирсан юм алга. Төсвийн алдагдал нь 2,7 их наяд төгрөгтэй гарсан байхад 900 тэрбум төгрөгийн орлогыг сайшааж, зарцуулах тухай ярих нь сайн үзэгдэл мөн үү гэх зэргээр гишүүд байр сууриа илэрхийлж байлаа.


Ийнхүү Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, УИХ-дахь намын бүлгүүдэд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-10-05 16:10

Хуралдааны тов