Цэс

Холбоо барих

Азийн сантай хамтран ажиллах Санамж бичиг, 2021 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа


Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд Азийн сан үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа цаашид урт хугацаанд амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэрбээр өнгөрсөн онд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент болон түүний Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой тохиох үеэр элэгсэг дотно үгтэй мэндчилгээ ирүүлсэнд ноён Марк Кэйнигт талархал илэрхийлэв.

Түүнчлэн “Азийн сантай ойрын 3 жилд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах гэж байгаадаа баяртай байна. Бид Санамж бичигт тусгагдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажиллах болно” гээд, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгааны хүрээлэнгийн судлаачдын чадавхийг бэхжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх гэж байгаадаа баяртай байна хэмээн тэмдэглэв.


УИХ-ын Тамгын газар, Азийн сан хооронд хамтын ажиллагааны сайхан уламжлал, баялаг туршлага нэгэнт бий болсныг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцолж, “Үүний нэг тод жишээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад Азийн сангаас чухал дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдал юм” гэлээ.

Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг Азийн сан, УИХ-ын Тамгын газрын хамтын ажиллагаа урт хугацаанд, тогтвортой, амжилттай үргэлжилж байна. Энэ үйл ажиллагааны үргэлжлэл, нэгэн шинэ хуудас болсон Санамж бичигт Та бид хоёр гарын үсэг зурах чухал өдөр тохиож байна. Энэхүү баримт бичигт өргөн хүрээний цогц бодлого, чиглэл тусгагдсан нь уламжлалт хамтын ажиллагаагаа улам баяжуулан батжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэрбээр “Парламент бол ардчиллын амин сүнс юм. Тиймээс Азийн сангаас Монгол Улс дахь ардчилсан ололтыг улам бататгах, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, парламентын найдвартай ар тал болж байдаг Тамгын газрын чадавхийг бэхжүүлэхэд техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн юм” гэж тэмдэглээд, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах, Зөвлөлдөх ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхдээ шинэлэг, оновчтой арга хэлбэрийг сонгон ашиглах нь чухал гэдгийг онцоллоо.


Уулзалтын дараа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Азийн сангийн Хамтын ажиллагааны Санамж бичиг, 2021 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Талууд:

-Парламентын ардчиллыг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд парламентын боловсрол олгох;

-Парламентын судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжих;

-Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар Санамж бичигт тусгасан байна.

Уулзалт, Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа болон бусад албаны хүмүүс байлцав.

   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл