Цэс

Холбоо барих

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
З.Баянсэлэнгэ
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус Байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг гаргалаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Ш.Түвдэндорж нар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслийн 7, 8 дугаар зүйлээр зохицуулсан асуудлыг уг хуулиар зохицуулах шаардлагагүй, холбогдох бусад хууль, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулиар зохицуулсан тул хасах, мөн аймгийн төвөөс бусад алслагдсан суманд тасралтгүй 60 сар буюу түүнээс дээш хугацаагаар ажилласан цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 2014 оноос эхлэн олгохоор төслийн 14 дүгээр зүйлийг өөрчлөх, тухайн харилцааг зохицуулсан холбогдох хууль батлагдах хүртэл цагдаагийн байгууллага, алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл журмыг энэ хуулиар түр зохицуулахтай холбогдсон зүйлийг төсөлд шинээр нэмж тусгах зэрэг саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү, ар тал хангамжийн албанд цагдаа, цэргийн цолтойгоор ажиллаж байсан алба хаагчдад тэдгээрийн урьд авч байсан цалин хөлс, цолны болон бусад нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эдлэх давуу эрхийг үргэлжлүүлэн эдлүүлэх харин эдгээр албанд шинээр орох ажилтныг холбогдох хуульд заасны дагуу төрийн захиргааны албан тушаалд авахаар төслийн 5 дугаар зүйлийг өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн
албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан өдрөөс нь, харин Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хороо хэлэлцэн нэг бүрчлэн санал хураалт явуулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл