Цэс

Холбоо барих

Манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев сэтгүүлчидтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев өнөөдөр (2021.11.04) “Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум”-ын оролцогчидтой уулзаж,  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дэд дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн Жамсуев Баир Баясхаланович, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Монгол Улс дахь Россотрудничество төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев Амгалан Ринчинович болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтын үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев, “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь “Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум” юм. Хоёр улсын иргэдийг үнэн бодит мэдээ, мэдээллээр шуурхай хангах, салбар бүрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал ач холбогдолтой. Манай хоёр улсын хувьд өнгөрсөн 100 жилийн найрамдалт харилцаагаа улам өргөжүүлж, хөгжлийн хэтийн төлөвөө нарийн тодорхойлоход сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэ форумыг жил бүр тогтмол зохион байгуулах нь зүйтэй. Мөн хоёр улсын парламентаас хэвлэл мэдээллийн салбарынхныг ажиллах хууль, эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх нь юу юунаас илүү чухал юм. Бид цаашид Монгол Улсад ОХУ-ын голлох мэдээллийн агентлагуудын байнгын төлөөлөгчийн газрыг байгуулан ажиллуулахад анхаарч ажиллах болно” хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн энэ удаагийн айлчлалын үеэр ОХУ-ын Үндэсний эв нэгдлийн өдөр, Монгол Улсын “Монгол бахархлын өдөр” давхцаж байгаад баяртай буйгаа илэрхийлээд хамтын ажиллагааны олон зуун жилийн түүхэн ойг хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэхийг ерөөв.



Сэтгүүлчид ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевоос хоёр улсын хамтын ажиллагааны ололт амжилт, эдийн засаг худалдааны өнөөгийн нөхцөл байдал болон боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ямар бодлого баримтлах талаар асууж тодруулав.




Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Манай хоёр орны хувьд бүхий л салбарт хамтран ажиллах боломж нээлттэй байна. Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг хэвээр байгаа. Хоёр орны худалдааны эргэлт  буурсан үзүүлэлттэй байгаа нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс улбаатай худалдаа, эдийн засгийн сөрөг үр дагавартай мөн холбоотой. Худалдааны хэмжээг цаашид дорвитой нэмэгдүүлэх, худалдааны алдагдлыг бууруулахад аль аль талаасаа идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр олон салбарт хүндрэл үүссэн. Эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн бизнес эрхлэгчдийг ОХУ-ын зах зээлд орж ажиллах боломжтой гэж хардаг. Хоёр улсын парламентын зүгээс хууль, эрх зүйн таатай орчныг бий болгоход анхаарах цаг болсон.



Манай хоёр улсын уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа нь олон жилийн хамтын ажиллагааны түүх, мөн худалдаа, эдийн засаг, соёл болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаанд тулгуурладаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г байгуулсан. Энэ нь уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэхийн илрэл юм. Орос, Монголын харилцаа, тэр дундаа хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, ажиллаж байна. Мөн хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа манай хоёр улсын харилцаанд чухал үүрэгтэй. Цаашид эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй байна. Хоёр талын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллана” гэв.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Г.К.Жуковын дурсгалын музейг үзэж сонирхлоо.

Уг музейг Халхын голын байлдааны ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан 1979 онд түүний дурсгалд зориулан нээжээ. Г.К.Жуков гэр бүлийн хамтаар 1937 оны 9 дүгээр сараас 1940 оны 5 дугаар сар хүртэл энэхүү музейн байшинд ажиллаж, амьдарч байсан түүхтэй. Тус музей нь үзүүлэнгийн гурван танхимтай бөгөөд Г.К.Жуковын амьдрал үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд, түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, Монгол, ЗХУ, Япон улсын цэргийн түүхийн архиваас сонгож авсан урьд хэвлэгдээгүй материалууд болон түүний гэрийнхэндээ бичсэн захидал, ховор нандин түүхэн гэрэл зургууд хадгалагдаж байна.





Төлөөлөгчид УИХ-ын чуулганы танхимд зочилж, Төрийн ордонтой танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл