Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.04.27) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабугийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабуг Байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны уламжлалт, найрсаг хамтын ажиллагаа өргөжиж байгааг тэмдэглэв.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Элчин сайд Суреш Бабугтэй уулзаж байгаадаа талархаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өрнөж буйг онцлоод, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй тусламж, дэмжлэгт талархаж явдгаа илэрхийлэв. Тэрбээр Элчин сайдад Байнгын хорооны ажлаа танилцуулахын зэрэгцээ улс орны аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа үүн дотор кибер аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.  

Түүнчлэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах Монгол оюутан, сурагчдын тоог нэмэгдүүлэх, энэхүү хөтөлбөрт бүх салбарын төлөөллийг жигд хамруулах зэрэг асуудлуудыг хөндөн ярилцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл