УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.БАЯРЦОГТЫН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙН АСУУДЛААР ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

  2013-04-23 00:00  804
2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар  хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн М.Батчимэг

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, Б.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, М.Сономпил, Г.Уянга нар 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод албан бичиг илгээж Улсын Их Хурлын Дэд дарга С.Баярцогтын гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага тавьсныг Улсын Их Хурлын даргаас Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн болно.

Ёс зүйн дэд хороо дүрмийнхээ 8.1.1 дэх заалтыг үндэслэн, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогтод холбогдох асуудлыг авч хэлэлцлээ.

Ёс зүйн дэд хорооноос Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.12 дахь хэсэг, Ёс зүйн дэд хорооны дүрмийн 4.1.6 дахь заалтыг үндэслэн дараах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нь Улсын Их Хурлын гишүүний Ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтыг зөрчсөн нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл мөн болох тул түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг Ёс зүйн дэд хорооны дүрмийн 9.1.3 дахь заалтын дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж Ёс зүйн дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогтын асуудлаар Ёс зүйн дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА                                    М.БАТЧИМЭГ

  2016-09-23 02:38  804