ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.11.27-30/

  2018-12-03 08:45  317

 

ИНФОГРАФИК: Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. http://www.parliament.mn/n/apmy

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг сайн нягталж судлах боломжийг гишүүдэд олгох үүднээс тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг хэлэлцлээ. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 нь буюу 62.5 хувь нь дэмжив. 2018.11.27 http://www.parliament.mn/n/aimy

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр тогтов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Эл асуудлыг нягтлан судлах зайлшгүй шаардлагатай тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 09 цаг хүртэл хойшлуулах санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад гишүүдийн 70 хувь нь дэмжсэн тул хуралдааныг хойшлуулахаар боллоо. 2018.11.28 http://www.parliament.mn/n/3tmy

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга Д.Дамба-очир “Засгийн газрын асуудал яригдаж буйтай холбоотойгоор гишүүд Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байна. Хуралдаанд оролцож байсан гишүүд хэлэлцүүлгийн явцад хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй хэмээн мэдэгдэж байна. Ирц хүрэхгүй байна. Иймд хэлэлцэж буй асуудлыг хойшлуулах нь зүйтэй” гээд Байнгын хорооны хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв. 2018.11.28 http://www.parliament.mn/n/3bmy

УИХ-ын Тамгын газар 2018 оны 11 дүгээр сарын 19, 27-ны өдрүүдэд зөвлөх, референтүүдээ “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах арга зүйн зарим асуудал” сэдэвт сургалтад хамруулав. УИХ-ын Тамгын газар, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс зохион байгуулсан уг сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Хууль зүйн нэр томьёо, хэрэглээ”, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ хийх аргачлалыг хэрэглэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 2018.11.28  http://www.parliament.mn/n/3fmy


 

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт тус дэд хороог хуралдуулах хэд хэдэн шаардлага үүсээд байна гэсэн санал танилцуулав. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахаар шийдвэрлэлээ. 2018.11.29 http://www.parliament.mn/n/33my



УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн тасалдсан зүйл байхгүй, Ёс зүйн дэд хороо хуралдсаны  дараа нэгдсэн чуулган эхэлнэ гэж  мэдэгдэв. 2018.11.29 http://www.parliament.mn/n/4tmy

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв. 2018.11.30 http://www.parliament.mn/n/43my

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж, “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг хэлэлцэн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов. 2018.11.30 http://www.parliament.mn/n/47my

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачилгаар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль хамтран Цэвэр агаартай гэр хороолол - Улаанбаатар хотын гэр хорооллын “Гэрийн зуухны утааны хий цэвэршүүлэх” туршилтын төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд болов. 2018.11.30 http://www.parliament.mn/n/5jmy

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуралдаанд оролцсон 73 гишүүний 33 нь буюу  45.2 хувь нь дэмжиж, 40 нь буюу 54.8 хувь нь татгалзсанаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. 2018.11.30 http://www.parliament.mn/n/5pmy

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


  2018-12-03 08:43  317